Гомдол
Баян-Өлгий аймагт хяналт шалгалт хийж, сургалт зохион байгуулж байна

Баян-Өлгий аймагт хяналт шалгалт хийж, сургалт зохион байгуулж байна

2025.09.09 107
Сонсох

Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Ж.Хунангаар ахлуулсан ажлын хэсэг 2025 оны есдүгээр сарын 08-12-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий хотод ажиллана. 

Ажлын хэсэг аймгийн удирдлагуудтай хүний эрхийн нөхцөл байдлын талаар харилцан санал солилцож аймгийн нэгдсэн эмнэлэг, хүүхдийн цэцэрлэг, дотуур байр, хилийн цэрэг, зэвсэгт хүчин, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газарт хяналт шалгалт хийхийн зэрэгцээ төрийн бүх шатны албан хаагчдад хүний эрхийн сургалт зохион байгуулж байна. 

Уулзалтын  хүрээнд: 

ХЭҮК-ын гишүүн Ж.Хунан аймгийн Засаг дарга Е.Зангар, Тамгын газрын дарга Ө.Тиянах болон бусад холбогдох албан тушаалтнуудтай Сагсай, Толбо, Улаанхус, Цэнгэл суманд ажилласан урьдчилсан дүгнэлтийг танилцууллаа. Аймгийн түвшинд төсвийн хязгаарлагдмал байдал, аялал жуулчлал дагасан байгаль орчны бохирдол, дэд бүтэц, халаалт, газар өмчлөх, эзэмших зэрэг тулгамдаж буй асуудлын талаар аймгийн удирдлагууд мэдээлэл өглөө. Түүнчлэн, иргэд, олон нийтэд төрийн үйлчилгээг чанартай, хүртээмжтэй хүргэхэд төрийн байгууллага хоорондын уялдаа холбоо хангалтгүй байгааг илэрхийлэв. 

Хяналт шалгалтын хүрээнд: 

Аймгийн нэгдсэн эмнэлгийн барилгын чанар, хүртээмж стандартын шаардлагад нийцээгүй, төсвийн хүрэлцээгүйгээс эмнэлгийн тоног төхөөрөмж хүртээмжгүй, байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан сэргээн засах тоног төхөөрөмж дутмаг, хөдөлмөр засалчгүй зэргээс шалтгаалж зарим төрлийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хангалттай хүргэж чадахгүй байна. Мөн яаралтай түргэн тусламжийн техник хэрэгсэлд шинэчлэлт хийх шаардлагатай бөгөөд эрүүл мэндийн даатгалын бодлого, зохицуулалтаас үүдэлтэй их хэмжээний төсвийн алдагдалтай ажиллаж байна.  

Аймгийн II цэцэрлэгийн барилга 1974 оноос үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байгаа хэдий ч өнгөрсөн хугацаанд их засвар үйлчилгээ хийгээгүйн улмаас цахилгааны шугам муудсан, дулаан алдагдалтай, гэрэлтүүлэг муу, агааржуулалтгүй зэргээс шалтгаалж хүүхдийн эрүүл аюулгүй орчинд сурч боловсрох, хөгжих эрх зөрчигдөж байна. 

Хүний эрхийн боловсрол олгох сургалтын хүрээнд: 

Хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүний эрхийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, хүний эрхийн мэдрэмжтэй төрийн үйлчилгээг хүргэхэд дэмжлэг болох зорилгоор тус аймгийн төрийн захиргаа, үйлчилгээ, тусгай байгууллагын албан хаагчдад “Хүний эрхийн мэдрэмжтэй төрийн үйлчилгээ”, “Ажлын байрны дарамт, хүчирхийлэл хүний эрхийн зөрчил болох нь” сэдвээр сургалт зохион байгууллаа. Сургалтад 70 орчим төрийн албан хаагч хамрагдаж, хөдөлмөр эрхлэлтийн харилцаанд тулгамдсан асуудлын талаар сонирхсон асуултаа асууж идэвхтэй оролцов. 

ХЭҮК-ын гишүүн Ж.Хунан сургалтыг нээж хэлсэн үгэндээ Монгол Улсын төр хүний эрхийг хүндэтгэх, хангах, хамгаалах үүргийг хэрэгжүүлэхэд төрийн албан хаагчдын оролцоо чухал ач холбогдолтойг онцолж хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлсэн, хүн төвтэй төрийн үйлчилгээ үзүүлэхэд дэмжлэг болох мэдлэг, ойлголттой болно гэж итгэж буйгаа хэллээ.  

ХЭҮК байгуулагдсан цагаасаа эхлэн төрийн цэргийн анги, байгууллагад хүний эрхийн сургалтыг тогтмол зохион байгуулж ирсэн бөгөөд энэ удаа хилийн цэргийн 0165 дугаар ангийн бие бүрэлдэхүүнд дүрмийн бус харилцаа, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт хийлээ.