Хүний хувийн мэдээлэл, түүний нууцлал, аюулгүй байдал нь халдашгүй чөлөөтэй оршихын үндэс, хүний эрхийн салшгүй хэсэг юм. Гэвч харилцаа холбоо, мэдээллийн технологи хурдацтай хөгжихийн хэрээр цахим орчинд иргэдийн хувийн мэдээллийн нууцлал, аюулгүй байдлыг хангах, тэдний мэдлэг ойлголтыг дээшлүүлэх шаардлага нэмэгдсээр байна. Тиймээс ХЭҮК, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газартай хамтарсан уулзалтыг өнөөдөр /2025.09.03/зохион байгууллаа.

Уулзалтын үр дүнд, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газраас хэрэгжүүлж буй “Бүх нийтийн цахим ур чадварыг дээшлүүлэх V аян”-ы хүрээнд иргэдийн цахим орчин дахь хувийн мэдээллийг хамгаалах, түүнтэй холбогдох хууль, эрх зүйн талаарх мэдлэгийг төрийн албан хаагчид, алслагдсан бүс нутгийн иргэд, малчин өрх, зорилтот бүлгийн иргэдэд түгээх ажлыг хамтран хэрэгжүүлэхээр болов.

Уулзалтад Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Г.Нарантуяа, Хүний хувийн мэдээллийг хамгаалах хэлтсийн дарга С.Ганзориг, референт, Л.Болдхүү, Х.Хулан, мэдээллийн аюулгүй байдлын шинжээч Ө.Энхтөр, ахлах мэргэжилтэн Б.Замилан болон Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын дарга П.Батбаатар, Хамтын ажиллагаа, хэрэглэгчийн үйлчилгээний хэлтсийн дарга Ж.Анхбаяр, Сургалт хөгжлийн хэлтсийн дарга Г.Ариунзаяа, Аймаг хариуцсан хэлтсийн дарга Б.Дөлгөөн нар оролцсон юм.
Монгол Улс 2021 онд Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуультай болсноор хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг хуулиар баталгаажуулж, илүү нарийн зохицуулалттай болсон. Түүнчлэн, тус хууль нь Кибер аюулгүй байдлын тухай хууль, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль, Цахим гарын үсгийн тухай хуультай харилцан уялдаатай үйлчилж, Монгол Улсад кибер аюулгүй байдал, мэдээллийн нууцлалыг хангах цогц тогтолцоог бүрдүүлж байна.
