Гомдол
ХЭҮК-ын гишүүн С.Дондов “Зохистой хөдөлмөрийг дэмжиж, нийгмийн шударга ёсыг хангуулъя” хэлэлцүүлэгт оролцов

ХЭҮК-ын гишүүн С.Дондов “Зохистой хөдөлмөрийг дэмжиж, нийгмийн шударга ёсыг хангуулъя” хэлэлцүүлэгт оролцов

2025.08.28 139
Сонсох

Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос зохион байгуулсан “Зохистой хөдөлмөрийг дэмжиж, нийгмийн шударга ёсыг хангуулъя” сэдэвт хэлэлцүүлэг боллоо.

Хэлэлцүүлэгт Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн С.Дондов оролцож Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн хэрэгжилт, хүний эрх хамгаалагчийг хамгаалах механизмын талаар танилцуулав. Мөн хүний эрх хамгаалагчдаас ирүүлсэн гомдол мэдээллийн тоон үзүүлэлт, шийдвэрлэлтийн байдлыг танилцуулж, оролцогчдын асуултад хариулт өгсөн.

Тус арга хэмжээнд МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Э.Тамир “МҮЭ-ийн холбооны бодлого, үйл ажиллагаа ба цаашдын зорилт” сэдвээр, МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч асан, УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат нийгмийн хамгааллын хууль тогтоомжийн талаар илтгэл хэлэлцүүлснээс гадна УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, ГБХНХ-ийн сайд Т.Аубакир, БНСУ-ын ҮЭХ-ны ерөнхийлөгч Ким Донг Меён болон салбар бүрийн үйлдвэрчний эвлэлийн байгууллагын дарга нар оролцсон юм.

“Зохистой хөдөлмөрийг дэмжиж, нийгмийн шударга ёсыг хангуулъя” хэлэлцүүлэг нь олон талын оролцогчдыг хамруулан, хөдөлмөрчдийн эрх ашгийг хамгаалахын төлөө дуу хоолойгоо нэгтгэсэн бүтээлч арга хэмжээ болж өндөрлөлөө хэмээн зохион байгуулагчдын зүгээс дүгнэлээ.