Гомдол
"ТАЙВАН ХОТ- АЮУЛГҮЙ БАЙДАЛ" "ХОЛБОН ТОГЛОГЧ" ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

"ТАЙВАН ХОТ- АЮУЛГҮЙ БАЙДАЛ" "ХОЛБОН ТОГЛОГЧ" ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025.07.08 73
Сонсох

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 2 дахь заалтад “Монгол Улсын иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах”, мөн зүйлийн 12 дахь заалтад “төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх заалтад “төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна”, мөн зүйлийн 3 дахь заалтад “хүн эрх, эрх чөлөөгөө эдлэхдээ бусад хүний эрх, эрх чөлөөг хохироож, нийгмийн хэв журмыг гажуудуулж болохгүй” хэмээн заасан байдаг.

Эдгээр заалтын хүрээнд, ХЭҮК, УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал, О.Номинчимэг нар хамтран нийслэлд шөнийн цагаар их хэмжээний дуу чимээтэй техник хэрэгсэл ашиглан барилга угсралтын ажил гүйцэтгэж буй байдал нь иргэдийн амгалан тайван байх, эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хэрхэн зөрчиж байгаатай холбоотой “Холбон тоглогч-Тайван хот-Аюулгүй орчин” өглөөний уулзалтыг 2025 оны 7 дугаар сарын 8-ны өдөр зохион байгууллаа.

Уулзалтад ХЭҮК, УИХ-ын гишүүн О.Номинчимэг, Х.Баасанжаргал, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, ЦЕГ, ОБЕГ, НЗДТГ-ын холбогдох албан тушаалтнууд, болон МХХ-ны хуульчид оролцож боломж, гарц шийдлийн талаар ярилцав.

Энэ удаагийн уулзалтаас шөнийн цагаар барилга байгууламж барих үйл ажиллагаа, хяналт тавих эрх зүйн орчныг сайжруулах, мөн хэрэгжүүлэх, хяналт тавих механизмыг сайжруулах, стандарт, журмын хэрэгжилтийг хангах, хариуцлагын асуудлыг тодорхой болгох, төрийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, мэдээллийн ил тод байдлыг нэмэгдүүлэх, мэдээлэл солилцооны тогтолцоог үр нөлөөтэй болгох зэрэг саналууд гарсан юм.

Мөн иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхэд нөлөөлж буй шалтгаан нөхцөлийг арилгах, хүний эрхийн зөрчлийг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлэх бодит арга хэмжээний талаар ярилцсан бөгөөд энэ хүрээнд холбогдох байгууллагууд дараагийн уулзалтаар хэрэгжүүлэх арга хэмжээ, гарц шийдлээ танилцуулан хамтын ажиллагааг үргэлжлүүлэхээр тохиролцлоо.