Хүний эрхийн Үндэсний Комиссын 21 аймаг дахь албан хаагчид "Жендэр хүний эрхийн асуудал болох нь" сургалтад хамрагдлаа. Энэ нь албан хаагчдаар дамжуулан орон нутагт жендэрийн мэдрэмжтэй үйл ажиллагаа явуулах, жендэрийн ялгаварлан гадуурхалтаас урьдчилан сэргийлэх, бодлого, хөтөлбөр боловсруулахад дэмжлэг үзүүлэх зорилготой.

Сургалтаар Жендэрийн үндэсний хорооны Ажлын албаны Жендэрийн дүн шинжилгээ, мэдээлэл судалгааны хэлтсийн дарга О.Буянаа, Жендэрийн үндэсний шинжээч Б.Онон, А.Солонго, Г.Ганбаясгах, Б.Долгор нар жендэрийн ойлголтыг бэхжүүлэх, ахисан түвшний мэдлэг олголоо.

ХЭҮК-ын гишүүн Х.Мөнхзул сургалтыг хааж хэлсэн үгэндээ “Нийгэм хувьсан өөрчлөгдөхийн хэрээр жендэрийн асуудал ч өөрчлөгдсөн. Тиймээс энэ удаагийн сургалт жендэрийн хамгийн сүүлийн үеийн ойлголт, хандлага дээр тулгуурлан боловсруулсан ахисан түвшний сургалт гэдгээрээ ач холбогдолтой байлаа” гэв.

Төгсгөлд нь оролцогчид хоёр өдрийн сургалтаас олж авсан мэдлэг, ойлголтыг дүгнэн ярилцахын зэрэгцээ сургалт зохион байгуулахад тулгарч болзошгүй хүндрэл бэрхшээлийн талаар санал авах ажлыг зохион байгуулав.




