ХЭҮК нийслэлийн зургаан дүүргийн хороодын нийгмийн ажилтан, хэсгийн ахлагч нарыг “Хүний эрхэд суурилсан төрийн үйлчилгээ” сургалтад үе шаттай хамруулж байна. Тус сургалтыг өнөөдөр (2025.05.28) Сүхбаатар дүүргийн 20 хорооны нийгмийн ажилтан, хэсгийн ахлагч нийт 210 гаруй албан хаагчдыг хамруулан зохион байгууллаа. Нийгмийн ажилтан, хэсгийн ахлагчид хүний эрхийн мэдлэг, ойлголтоо нэмэгдүүлэх нь хариуцсан хороо, хэсэгтээ хүний эрхийн зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх, хамгаалах, хүний эрхэд суурилсан төрийн үйлчилгээг иргэддээ үзүүлэхэд дэмжлэг болох юм.

Сургалтыг ХЭҮК-ын гишүүн Б.Энхболд, Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч У.Өнөрцэцэг нар нээлээ. Комиссын гишүүн Б.Энхболд хүн амын бараг 50 хувь нь оршин суудаг Улаанбаатар хотын иргэдэд төрийн үйлчилгээг, тэр тусмаа анхан шатны нэгжид айл, өрх бүрт хүргэж ажилладаг хорооны нийгмийн ажилтан, хэсгийн ахлагч та бүхнийг “Монгол Улсын төр” гэж иргэд хүлээн авдаг. Тиймээс хүний эрхийн мэдлэг хандлагад тасралтгүй суралцах, хүний эрхийн боловсролын чухлыг дурдаж хүний эрх хамгаалах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж буйд талархал илэрхийлсэн юм. Түүнчлэн Монгол Улсын хүний эрхийг хамгаалах үндэсний тогтолцоо, ХЭҮК-ын бодлого, чиг үүрэг, үйл ажиллагааны талаар танилцуулав.

Засаг даргын орлогч У.Өнөрцэцэг хороо, нэгж дээр хүний эрх хаана, хэрхэн зөрчигдөж байгааг хамгийн сайн мэдэх хүмүүс бол нийгмийн ажилтан, хэсгийн ахлагч та бүхэн юм. Тиймээс сургалтдаа өндөр ач холбогдол өгч, идэвхтэй оролцоорой гэж уриаллаа.

Сургалт “Хүний эрхийн мэдрэмжтэй төрийн үйлчилгээ”, “Хүүхдийн эрх ба хамгаалал”, “Хүний хувийн мэдээллийг хамгаалахад анхаарах асуудал”, “Хүний эрх ба гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх нь” сэдвээр үргэлжилж байна. Мөн тус дүүргийн хүний эрхийн нөхцөл байдал, хүний эрхийн зөрчил, тулгамдаж буй асуудлаар ярилцаж хэлэлцүүлэг өрнүүлнэ.
