Гомдол
Өвөрхангай аймаг Хархорин сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ

Өвөрхангай аймаг Хархорин сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ

2025.05.22 85
Сонсох

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс 2001 онд байгуулагдсан цагаасаа эхлэн “Хүний эрхийн төлөө хамтдаа” нээлттэй өдрийг 21 аймаг, зарим алслагдсан сумдад зохион байгуулж ирсэн уламжлалтай.

Энэ хүрээнд Өвөрхангай аймгийн Хархорин суманд ХЭҮК-ын гишүүн Б.Энхболдоор ахлуулсан ажлын хэсэг 2025 оны 05 дүгээр сарын 20, 21-ний өдрүүдэд ажиллах үеэрээ Сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн мэдүүлэг авах өрөөний стандартыг шалгах зорилгоор үйл ажиллагаатай нь танилцлаа.

Өвөрхангай аймгийн Хархорин суманд 1972 онд БНМАУ-ын сайд нарын зөвлөлийн тогтоолоор Цагдан сэргийлэх анги, гал команд байгуулах шийдвэр гарч, улмаар Нийгмийг Аюулаас Хамгаалах Яамны сайдын тушаалаар ангийн дарга нэг, төлөөлөгч, мөрдөн байцаагч, гал сэргийлэн хамгаалах байцаагч, нарийн бичгийн дарга, 5-н цагдаагийн орон тоог батлан Өвөрхангай аймгийн Нийгмийг Аюулаас Хамгаалах хэлтэст харьяалуулан байгуулсан байна.

1992 онд Өвөрхангай аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн хэлтсийн харьяа Хархорин сум дахь сум дундын цагдаагийн тасаг болж бүтэц зохион байгуулалтын хувьд өөрчлөгдөн бөгөөд 2006 онд ЦЕГ-ын даргын тушаалаар тус цагдаагийн тасаг нь сум дундын цагдаагийн хэлтэс болон өргөжиж, Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах хэсэг, Эрүү, Хэв журам, Замын цагдаа, Төлөвлөлт зохион байгуулалтын албадуудтай, Хужирт, Бат-өлзий сумдад цагдаагийн тасаг, хэсэгтэй, Бүрд, Есөн Зүйл, Өлзийт, Баян-Өндөр сумдыг эрүүгийн хэргийн харъяаллаар нь хариуцаж нийт 67 алба хаагчийн орон тоотойгоор үйл ажилллагаа явуулдаг.  

Хархорин сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Отгонбаярын зүгээс 2022, 2023, 2024 оны мөн үеийн эрүү хэв журмын нөхцөл байдлыг дүгнэхэд зөрчил өмнөх онуудын мөн үеэс буурсан, гэмт хэрэг өмнөх онуудын мөн үеэс өссөн үзүүлэлттэй байна.

Тухайлбал, 2024 оны 11 дүгээр сарын байдлаар нийт 212 гэмт хэрэг бүртгэгдсэн нь 2022 оны мөн үеэс  13.3 хувиар, 2023 оны мөн үеэс 24.1 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа бол 1067 зөрчил бүртгэгдсэн нь 2022 оны мөн үеэс  27.1 хувиар буурсан, 2023 оны мөн үеэс 38.5 хувиар буурсан үзүүлэлттэй байна гэлээ.

Тус Цагдаагийн хэлтэс нь насанд хүрсэн хүнээс мэдүүлэг авах зориулалттай нэг өрөөтэй. Гэвч насанд хүрээгүй хүнээс мэдүүлэг авах зориулалтын өрөөгүй аж.

Комисс нь дээрх хяналт шалгалтаар илэрсэн дүнг үндэслэн хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, арилгуулах зорилгоор Комиссын гишүүний шаардлага, зөвлөмжийг эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хүргүүлж, хэрэгжилтийг хангуулж ажиллах болно.