Гомдол
Б.Энхболд: Санхүүгийн хүндрэл эрүүл мэндийн чанартай үйлчилгээ үзүүлэхэд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй

Б.Энхболд: Санхүүгийн хүндрэл эрүүл мэндийн чанартай үйлчилгээ үзүүлэхэд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй

2025.05.21 196
Сонсох

ХЭҮК-ын гишүүн Б.Энхболдоор ахлуулсан ажлын хэсэг “Хүний эрхийн төлөө хамтдаа” нээлттэй өдөр арга хэмжээг Өвөрхангай аймгийн Хархорин суманд зохион байгуулж байна. Энэ хүрээнд Хархорин сумын Нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцлаа.

Хархорин сумын Нэгдсэн эмнэлгийг 1956 онд байгуулсан бөгөөд 2003 оноос Нэгдсэн эмнэлгийн статустайгаар улсын хэмжээнд үйл ажиллагаагаа явуулж буй орон нутгийн зургаан Нэгдсэн эмнэлгийн нэг юм. Тус эмнэлэг нь Өвөрхангай аймгийн Хужирт, Бат-Өлзий, Булган аймгийн Рашаант, Архангай аймгийн Хашаат, Хотонт зэрэг сумын нийт 36 мянга орчим хүн амд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг нийт 122 эмч, сувилагч, эмнэлгийн бусад ажилтантайгаар үзүүлж байна.

Комиссын гишүүн Б.Энхболд эмнэлгийн үйл ажиллагаатай танилцах үеэр тулгамдаж буй хэд хэдэн асуудалд онцгойлон анхаарал хандуулж, эдгээрийг шийдвэрлэх нь хүний эрхийн үндсэн баталгаа болохыг тэмдэглэлээ.

Үүнд, нэгдүгээрт, эмнэлгийн санхүүжилтийн хүрэлцээнээс гадна үр ашигтай зарцуулалт чухал болохыг дурдаж, тогтвортой, хүртээмжтэй санхүүжилтээр хангах бодлогын шийдэл шаардлагатайг онцолсон. Санхүүгийн хүндрэл нь эрүүл мэндийн чанартай үйлчилгээ үзүүлэхэд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй тул энэ асуудлыг салбарын удирдлагын түвшинд нэн даруй авч үзэх хэрэгтэй гэв.

Хоёрдугаарт, хүний хувийн мэдээллийг хамгаалах нь эрүүл мэндийн байгууллагын үндсэн үүргийн нэг гэдгийг тэмдэглэж, өвчтөний мэдээллийн аюулгүй байдлыг хангах үүднээс камержуулалтын дотоод журмыг боловсруулан баталж, бүх шатанд хэрэгжүүлж хэвших. Энэ нь хяналт, аюулгүй байдлыг хангахын зэрэгцээ иргэдийн хувийн нууцыг зөрчихөөс сэргийлэх чухал ач холбогдолтой юм.

Гуравдугаарт, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлд тодорхой арга хэмжээ авч, орчны болон үйлчилгээний хүртээмжийг бодитоор сайжруулах, энэ хүрээнд тулгамдаж буй саад бэрхшээлийг арилгах шаардлагатайг хэллээ.

Мөн байгууллага бүр дотооддоо хүүхэд хамгааллын бодлого боловсруулан баталж мөрдүүлэх нь хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хангах, хүүхдэд ээлтэй эмнэлгийн орчин бүрдүүлэхэд бодлогын түвшинд анхаарах хэрэгтэйг онцлов. Түүнчлэн ажлын байрны дарамт, ялгаварлан гадуурхалт, хүчирхийллийг таслан зогсоох, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлд оновчтой бодлого, арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлэх шаардлагатайг тэмдэглэв.

Энэ хүрээнд байгууллагын ажилтнуудын дунд хүний эрхийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, ажлын байрны соёл, харилцааг сайжруулах зорилго бүхий сургалт, соён гэгээрүүлэх ажлыг шат дараатай зохион байгуулах нь зүйтэй болохыг хэллээ.