Гомдол
Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс ихэнх орлогоо эрүүл мэндийн үйлчилгээнд зарцуулж байна

Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс ихэнх орлогоо эрүүл мэндийн үйлчилгээнд зарцуулж байна

2025.05.20 92
Сонсох

“Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн хэрэгжилтэд нутгийн удирдлагын оролцоо” сэдэвт үндэсний зөвлөгөөнийг өнөөдөр /2025.05.20/ зохион байгууллаа. Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Г.Нарантуяа “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн хэрэгжилтийн талаарх хүний эрхийн Үндэсний байгууллагын дүгнэлт” сэдвээр илтгэл тавьж  дараах асуудлыг хөндлөө.

Тэрбээр сүүлийн 10 жилийн хугацаанд хөгжлийн бэрхшээлтэй хүний боловсрол эзэмших, хөдөлмөр эрхлэлт нэмэгдэж, цахим технологийн хөгжил хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ч эерэг нөлөө үзүүлж байна. Гэсэн хэдий ч хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс бусад хүний адил амьдрах, эрх, эрх чөлөөгөө бусадтай адил тэгш эдлэх, нийгмийн харилцаанд чөлөөтэй оролцох нөхцөлийг бүрдүүлэх, Монгол Улсын олон улсын гэрээний амлалт, хууль тогтоомжийн зарчим, бодлогын зорилго, зорилтууд, зарцуулсан төсөвтэй харьцуулахад чамлалттай байгааг дурдсан.

ХЭҮК-оос өнгөрсөн онд хийсэн Хөгжлийн бэрхшээлтэй хүний улс төрийн оролцоо, сонгох, сонгогдох эрхийн хэрэгжилт судалгаанд оролцогч хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 34.9 хувийн өрхийн сарын орлого хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс доогуур буюу 500 мянган төгрөг хүрэхгүй байна. Тэдний 42.6 хувь нь өрхийн орлогоо хэрэгцээндээ арай ядан хүргэдэг.  84.7 хувь нь нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж авдаг, 23.8 хувьд авч буй халамж нь өрхийн орлогын тал хувийг, 16 хувь нь бүхэлдээ өрхийн орлогыг бүрдүүлж байна.

Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс сурч боловсрох, өөрийгөө хөгжүүлэхэд хамгийн бага зардал гаргаж, эрүүл мэндийн үйлчилгээ, эмчилгээнд орлогынхоо ихэнхийг зарцуулж байна. Тухайлбал, судалгаанд оролцогчид Монгол Улсын дундаж өрхөөс 47 хувиар илүү эрүүл мэндийн зардал гаргаж, боловсролд 73 хувиар багыг зарцуулдаг. Хүнсний бүтээгдэхүүний зардал улсын дундажтай харьцуулахад 18 хувиар бага. Боловсролд зарцуулах төсөвгүй шахам байгаа нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс бие даан нийгмийн харилцаанд оролцох, бусадтай харилцах, бие даан шийдвэр гаргах чадвар эзэмшихэд маш том хязгаарлалт болж байгаа талаар дэлгэрэнгүй танилцуулсан юм.

ХЭҮК 2003 оноос хойш хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн хэрэгжилтийн асуудлыг Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх нийт 9 илтгэлд тусгасан бөгөөд 2024 оны 23 дахь илтгэлдээ “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэхэд нөлөөлөх хүчин зүйлс, шийдэл” сэдвийн хүрээнд “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцын 33 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, эрх чөлөөний хэрэгжилтэд хяналт тавих бүтцийг тогтоон хуульчлах, хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах үүргээ биелүүлээгүй хүн, хуулийн этгээдэд оногдуулах хариуцлагыг Төрийн албаны тухай, Зөрчлийн тухай, Эрүүгийн хуулиудад нарийвчлан тусгах, хариуцлага тооцох механизмыг тодорхой болгох  санал, зөвлөмжийг УИХ-д хүргүүлж, УИХ-ын 37 дугаар тогтоолд туссан гэв.