Гомдол
“Ялгаварлан гадуурхалт ба хүний эрх” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

“Ялгаварлан гадуурхалт ба хүний эрх” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

2025.05.20 102
Сонсох

Улсын Их Хурлын даргын 2024 оны 89 дүгээр захирамжаар байгуулагдсан ажлын хэсгээс “Ялгаварлан гадуурхалт ба хүний эрх” сэдэвт хэлэлцүүлгийг 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдөр зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүд болон Хүний эрхийн Үндэсний Комисс, Улсын ерөнхий прокурорын газар, төрийн захиргааны төв байгууллагууд, Цагдаагийн ерөнхий газар болон холбогдох бусад агентлаг, Монголын Хуульчдын холбоо, Дотоод хэргийн их сургууль, ерөнхий боловсролын байгууллагуудын төлөөлөл, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл, иргэд оролцсон юм.

Тус хэлэлцүүлэгт ХЭҮК-ын дарга Д.Сүнжид оролцож, Монгол Улс дахь ялгаварлан гадуурхалтаас ангид байх хүний эрхийн хэрэгжилтийн талаарх мэдээлэл хийлээ.


Үндсэн хуулийн оршил хэсэгт “Монголын ард түмэн бид эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгож” буйгаа тунхагласан байдаг. Үүнтэй уялдан хүн бүр эрх эдлэх адил боломжтой байх, хүн бүр нийгмийн харилцаанд оролцох гарааны адил тэгш боломжийг хангах зэрэг агуулга мөн давхар хамгаалагддаг. Үндсэн хуулийн тулгуур нь хууль дээдлэх зарчим, шударга ёсны зарчим, тэгш эрхийн зарчим бөгөөд эдгээрийн аль нэг нь доголдсон тохиолдолд эрх зүйт төр болон хүний эрх, эрх чөлөөг хангах талаар ярих боломжгүй болно. Энэ агуулгаар бодлогын түвшинд буюу хууль тогтоомжууд тэгш эрхийн зарчмын хангаж буй эсэх, хууль тогтоомжийн хэрэгжилт тэгш эрхийн зарчмын хангаж буй эсэхийг нягталсны дүгнэлт нь нөхцөл байдлыг илэрхийлнэ.

Ялгаварлан гадуурхалтыг шууд болон шууд бус гэж ангилдаг бөгөөд 2021 оноос манай улс хууль тогтоомждоо шууд бус ялгаварлан гадуурхалтын талаар томьёолж эхэлсэн. Мөн олон улсын жишгээр ялгаварлан гадуурхалтыг өдөөх, турхирах, дэмжих, нөхцөлийг бий болгох эрсдэлт шинжийг хуульчлах ёстой гэж үздэг ч Монгол Улсын хувьд хангалтгүй байдгийг тэрбээр онцоллоо.


Хүний эрхийн Үндэсний Комисст ирсэн гомдол, мэдээлэл болон хяналт, шалгалт, судалгаануудыг нэгтгэн дүгнэхэд хөдөлмөрийн харилцаан дахь ялгаварлан гадуурхалт их байдаг. Цаашид энэ төрлийн гомдол, мэдээллийг хүлээн авч шийдвэрлэх механизм бүрдүүлэхэд төвлөрч анхаарах шаардлагатай гэдгийг цохон тэмдэглэж, хэдийгээр хууль тогтоомжид тодорхой хэмжээгээр тусган, зохицуулсан боловч 2017 оноос хойш хоёр удаа энэ төрлийн гомдлоор хэрэг нээсэн. Гэвч нэг ч хэргийг шийдвэрлээгүй. Учир нь бодит хохирол шаарддаг, харин энэ төрлийн үйлдэл хэлбэрийн төдий бүрэлдэхүүнтэй биш учир гэмт хэргийн зүйлчлэлийн улмаас шийдэгдсэн тохиолдол байдаггүй гэлээ.
Ялгаварлан гадуурхах хандлага нь хүний үндсэн эрх, эрх чөлөөнд халддаг бөгөөд хүнийг ямар нэгэн нийгмийн бүлэгт харьяалагддагийнх нь төлөө ялгаварлан гадуурхах, ялгаварлан гадуурхалтаа туйлширсан байдлаар илэрхийлж буй үйлдэл Монгол Улсад түгээмэл байгааг хэлэлцүүлгийг зохион байгуулагчид онцолж байлаа.
Тиймдээ ч ялгаварлан гадуурхалтын эсрэг хууль эрх зүйн орчин шаардлагатай бөгөөд энэ чиглэлээр нарийвчилсан судалгаануудыг өргөн хүрээнд хийж, бүх талын оролцоотой хэлэлцүүлэг, зөвлөлгөөнийг зохион байгуулсны үр дүнд цогц шийдэл боловсруулах боломжтой хэмээн үзэж буйгаа илэрхийлсэн юм.