Гомдол
ХЭҮК, Азийн хөгжлийн банктай хамтран ажиллах талаар санал солилцлоо

ХЭҮК, Азийн хөгжлийн банктай хамтран ажиллах талаар санал солилцлоо

2025.04.17 334
Сонсох

Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Д.Сүнжид, Комиссын гишүүн Х.Мөнхзул, Азийн хөгжлийн банкны Азийн бүсийн газрын жендэрийн ахлах мэргэжилтэн Жеймс Ланг болон бусад албаны төлөөлөл Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль, тогтоомжийн хэрэгжилт, жендэрт суурилсан хүчирхийллийн шалтгаан, нөхцөл байдал, түүнээс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах тогтолцоог чадавхжуулах хэрэгцээ, шаардлага, Комиссоос авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар санал солилцлоо.

Азийн хөгжлийн банк нь буцалтгүй тусламжийн хүрээнд жендерт суурилсан хүчирхийллийг бууруулах зорилго бүхий төслийг 2025 оноос Монгол Улсад хэрэгжүүлэхээр төлөвлөж, холбогдох суурь судалгаа хийж байна. 

Энэ хүрээнд төсөл хамтран хэрэгжүүлэхээр сонгосон төрийн байгууллагын төлөөлөлтэй харилцан мэдээлэл хуваалцаж, санал солилцож байгаа юм. 

Тус уулзалтад ХЭҮК-ын дарга Д.Сүнжид жендерт суурилсан хүчирхийллийг олон талт төлөөллийн оролцоонд тулгуурлаж, цогцоор нь шийдвэрлэх замаар таслан зогсоох нь үр дүнтэй болохыг онцол, жендэрт суурилсан хүчирхийллийг таслан зогсооход Азийн хөгжлийн банкны оруулж буй хувь нэмэрт талархал илэрхийллээ.

Тэрбээр "Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх арга хэмжээ нь хүйсээр ялгаварласан, салангид байдалтай байгаагаас үр дүн багатай байна. Тиймээс нийгмийн анхдагч нэгж болох гэр бүл, тэр дундаа гэр бүлийн гишүүд, хүүхдийн нас, хүйс, онцлогод тохирсон цогц үйлчилгээ үзүүлэх тогтолцоог бэхжүүлэх шаардлагатай. 

Гэр бүлийн хүрээнд үйлдэгдэж буй хүчирхийллийн хохирогчийн дийлэнх нь эмэгтэйчүүд байгаа нь цаашид энэ чиглэлд түлхүү анхаарч ажиллах шаардлагатайг харуулж байна. Тэр дундаа зорилтот бүлгийн эрх, алслагдсан суурин газарт амьдарч буй болон хөдөлмөр эрхэлдэггүй, боловсрол эзэмшээгүй эрэгтэйчүүдэд боловсрол, эрүүл мэндийн хүртээмж сул байгаагаас үүдэж жендэрийн эрх тэгш байдал алдагдах нэг шалтгаан болж байгаа учир энэ чиглэлд анхаарал хандуулж ажиллах, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн иргэний сэтгэл зүй, зан үйлдэлд нөлөөлөх сургалтын үр нөлөөг дээшлүүлэхэд анхаарах нь зүйтэй" гэлээ. 

Харин Комиссын гишүүн Х.Мөнхзул "Технологийн хөгжил нь жендэрт суурилсан хүчирхийлэл үйлдэх шинэ сувгуудыг бий болгож, шинэ тутам үүсэж байгаа цахим орчинд үйлдэгдэж буй хүчирхийллийн төрөл, хэлбэрийг хууль тогтоомжид нэмж тусган боловсронгуй болгох шаардлага тулгамдаж байна.

Тиймээс Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөнтий байдлын талаарх 24 дэх илтгэлд "Технологи ашиглан үйлдэгдэж буй жендэрт суурилсан хүчирхийлэл" сэдвийг тусгайлан тусгаж, холбогдох саналын хамт шийдвэр гаргуулахаар УИХ хүргүүлсэн" гэв. 

Азийн бүсийн газрын жендэрийн ахлах мэргэжилтэн Жеймс Ланг Монгол Улсад хэрэгжүүлэхээр төлөвлөн судалж байгаа энэ удаагийн төслийн онцлог нь жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах арга хэмжээг бүхий л шатанд авч хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх, залуучууд болон хүүхэд, өсвөр үеийнхэнд хүний эрхийн боловсрол олгох, мэдээлэл түгээх, нөлөөллийн ажлын цар хүрээг өргөжүүлэхэд оршиж байгаа гэдгийг таницууллаа. 

Ингэхдээ төслийг сонгогдсон сууршлийн бүсэд төрийн холбогдох байгууллагуудтай хэрэгжүүлэх бөгөөд ингэхдээ түр хамгаалах байр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн иргэний сэтгэлзүй, зан үйлд нөлөөлөх сургалтад чиглэсэн хөтөлбөр зэрэг цогц үйлчилгээг цаашид бусад бүс нутагт хэрэгжүүлж, төрийн холбогдох байгууллагын үйлчилгээнд нэвтрүүлэхэд жишиг суурь болгохоор урьдчилсан байдлаар төлөвлөсөн гэдгийг мөн дурдлаа.