Гомдол
Комиссын төлөөлөл Эстони улсад ажиллалаа.

Комиссын төлөөлөл Эстони улсад ажиллалаа.

2025.01.29 55
Сонсох

“Хүний эрх ба Технологи” хяналт шалгалтын хүрээнд Комиссын гишүүн, доктор Г.Нарантуяагаар ахлуулсан ажлын хэсэг Европын холбооны Техникийн туслалцаа, мэдээлэл солилцооны хөтөлбөр (TAIEX)-ийн дэмжлэгтэйгээр Бүгд Найрамдах Эстони Улсад 2025 оны 01 дүгээр сарын 22-ноос 25-ны өдөр ажиллалаа.

Ажлын хэсэг тус улсын Хүний эрхийн хүрээлэн, Шударга ёсны Канцлер, Мэдээлэл хамгаалах хяналт шалгалтын газар, Хууль зүй, цахим харилцааны яамны Мэдээлэл хамгаалах хуулийн хэлтэс болон Цахим засаглалын академи (E-Governance Academy)-ийн үйл ажиллагаатай танилцлаа.

Энэ үеэр нийтийн мэдээллийн ил тод байдлыг хангахад чиглэсэн үндэсний болон Европын Холбооны хууль тогтоомж, олон улсын гэрээний талаарх холбогдох мэдээлэл авч, хүний эрхийг хангах, хамгаалах түүний дотор хүний хувийн мэдээллийг цахим хөгжлийн өнөөдрийн түвшинд хэрхэн цуглуулж, боловсруулж, ашиглаж байгаа талаар харилцан санал солилцож, хэлэлцүүлэг өрнүүллээ.

Хүний эрхийн хүрээлэнд зохион байгуулагдсан энэхүү хэлэлцүүлгийн үндсэн сэдэв нь Европын Холбооны парламент болон тус Холбооны Зөвлөлөөс 2016 онд баталж, 2018 оноос хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн Мэдээлэл хамгаалах ерөнхий журам (GDPR)-ын талаар байсан бөгөөд уг журмыг Европын Холбооны гишүүн улс орнууд үндэснийхээ хууль тогтоомжид хэрхэн тусган хуульчилсан, бизнесийн болон бусад харилцаанд оролцогч Европын Холбооны гишүүн бус орнууд болон хуулийн этгээдэд хэрхэн үйлчлэх талаар тодорхой мэдээллийг өгсөн.

Бүгд Найрамдах Эстони Улс нь ЗХУ-ын бүрэлдэхүүнээс албан ёсоор гарч, 1992 онд Үндсэн хуулиа баталсан тэр цагаас хойш нийгэм, эдийн засгийн хөгжлийн чиг хандлагаа цахим засаглалд түшиглэн хөгжүүлснээр ил тод, нээлттэй, ухаалаг төрийн бүтэцтэй сайн засаглалыг бий байгуулсан дэлхийн улс орны нэг болсон юм.

Түүнчлэн энэ бүх ололт амжилтаараа дэлхийн бусад улс орнуудад үлгэрлэж, сайн туршлагаа хуваалцдаг.

Тус улс нь 2030 он гэхэд төрийн бүх үйлчилгээг 100 хувь цахимжуулах зорилт дэвшүүлсэн бөгөөд өгөгдлийн эдийн засгаараа дэлхийд 2 дугаар байр, Европ тивд 1 дүгээр байрт эрэмбэлэгдэж байна.

Аливаа шийдвэр гаргах, шинэ технологи нэвтрүүлэхийн өмнө болон шийдвэрийн хэрэгжилтийн үед “Хүний эрхэд үзүүлэх нөлөөллийн үнэлгээ”-г хэрхэн боловсруулж, хэрэгжүүлсэн талаарх сайн туршлагыг Мэдээллийн хамгаалах хяналт шалгалтын газраас уулзалтын үеэр өгсөн юм.

Эстони улсын энэхүү сайн туршлага нь ХЭҮК-ын Хүний хувийн мэдээлэл хамгаалах хэлтсийн үйл ажиллагаатай ижил төстэй, сайн туршлагыг харилцан солилцоход чиглэсэн баримт бичгийг боловсруулах, энэ хүрээний асуудлыг мэргэжил, арга зүйн удирдлагаар ханган ажиллахад чухал ач холбогдолтойг талууд онцолж байлаа.

Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэгт Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Г.Ууганбаатар, Хүний хувийн мэдээлэл хамгаалах хэлтсийн референт Л.Болдхүү, Өмнөговь аймаг дахь референт Г.Нарангоо, Дархан-Уул аймаг дахь референт Э.Болортуяа, Сэлэнгэ аймаг дахь референт Д.Гантулга нар хамт ажиллав.