Гомдол
"Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд утааны асуудлаарх бодлого, шийдвэрийн хэрэгжилтийн үр дүн, шийдэл" хэлэлцүүлэг өнөөдөр зохион байгуулагдлаа

"Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд утааны асуудлаарх бодлого, шийдвэрийн хэрэгжилтийн үр дүн, шийдэл" хэлэлцүүлэг өнөөдөр зохион байгуулагдлаа

2025.01.15 103
Сонсох

"Агаарын бохирдол-Хүн амын эрүүл мэнд (Амьд явах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах)" сэдвийн хүрээнд өрнөсөн энэхүү хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүд, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Эрүүл мэндийн яам, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар зэрэг холбогдох төрийн байгууллагын удирдах албан тушаалтан, салбарын эрдэмтэн судлаачид, иргэд, төрийн бус байгууллагын төлөөлөл оролцлоо.

Хүний эрхийн Үндэсний Комисс нь Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэлийн "Эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийн хэрэгжилт" бүлэгт агаар, орчны бохирдлын улмаас хүний эрх зөрчигдөж буй байдал, тулгамдаж байгаа асуудал, цаашид авч хэрэгжүүлэх шаардлагатай бодлогын саналын хамт тусгаж, УИХ-д танилцуулснаар УИХ-ын 37 дугаар тогтоолыг баталж, Засгийн газарт хэрэгжилтийг хангаж ажиллахыг даалгасан юм.

Хэлэлцүүлэгт Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Д.Сүнжид "Агаарын бохирдол: Эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийн баталгаа” сэдвээр илтгэл тавилаа.

Тэрээр илтгэлдээ, байгаль орчны салбарт мөрдөгдөж буй 30 хууль, 200 эрх зүйн акт, норм ба дүрэм, стандартын давхардал, зөрчил, хийдлийг хүний эрхийн шалгуурт нийцүүлэх, Засгийн газраас 2017 оны 98 дугаар тогтоолоор баталсан “Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт”-ийг үнэлж, алсын хараатай, бодит нөхцөлд тохирсон ус, хөрс, агаар, орчны бохирдлыг бууруулах бодлого тодорхойлох хэрэгцээтэй байгааг онцлон дурдав.

Түүнчлэн салбар хоорондын уялдаа холбоог ханган үр дүнтэй ажиллуулах, хэрэгжүүлэх ажлыг эрэмбэлэх, төр, хувийн хэвшлийн байгууллагын түншлэлийг хөгжүүлэх, инновац, технологийн дэвшлийг ашиглах зэргээр агаар, орчны бохирдлыг бууруулахад бодитой шийдэл гаргах шаардлага тулгамдаж шийдэл хүлээж байгааг тодотголоо.

+3