Гомдол
“Хүний эрхийн индекс тооцох аргачлал”-ын дагуу судалгааны ажлыг 2024 оны 11 дүгээр сард эхлүүлнэ

“Хүний эрхийн индекс тооцох аргачлал”-ын дагуу судалгааны ажлыг 2024 оны 11 дүгээр сард эхлүүлнэ

2024.06.11 461
Сонсох

ХЭҮК нь Үндэсний Статистикийн Хороотой хамтран Үндсэн хууль, олон улсын хүний эрхийн гэрээ конвенцоор баталгаажуулсан хүний эрх тус бүрийн хэрэгжилтийг хэмжих зорилгоор хүний эрхийн индекс боловсруулах ажлыг хийж байна.

Хүний эрхийн индекс боловсруулах ажлын хүрээнд хийгдсэн “Хүний эрхийн индекс тооцох аргачлал”, аргачлал дахь шинжээчдээс болон иргэдээс авах асуулгыг боловсронгуй болгох талаар талууд 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр уулзалт хийлээ.

Уулзалтад ХЭҮК-ын гишүүн Ж.Хунан, ахлах референт Ч.Ариунаа, судалгааны ажлын зөвлөх Б.Хишигсайхан, ҮСХ-ны дарга Б.Батдаваа, Нийгмийн статистикийн газрын дарга М.Оюунцэцэг, ахлах статистикч Т.Алтанцэцэг, ахлах мэргэжилтэн Т.Хишигзаяа нар оролцож, “Хүний эрхийн индекс тооцох аргачлал”-ын дагуу судалгааны ажлын арга зүй, түүврийн талаар ярилцаж, судалгааны ажлыг 2024 оны 11 дүгээр сард эхлүүлэхээр төлөвлөлөө.

Түүнчлэн, хагас болон бүтэн өнчин, байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй, шүүхийн шийдвэрээр эцэг, эх байх эрхээ хасуулсан иргэний хүүхдийн нэгдсэн статистикийн бүртгэлийн төрөл, хэлбэрийг боловсронгуй болгох, тэдгээрийн эрхийн хэрэгжилт, мөн ахмад настны нийгмийн халамж хүртэх эрхийн нөхцөл байдалд хамтарсан хяналт шалгалтыг орон нутагт зохион байгуулахаар шийдвэрлэв.