Гомдол
"Цахим хөгжил ба Хүний эрх" сургалтад Комиссын албан хаагчид, үндэсний зөвлөхүүд хамрагдлаа

"Цахим хөгжил ба Хүний эрх" сургалтад Комиссын албан хаагчид, үндэсний зөвлөхүүд хамрагдлаа

2024.05.21 335
Сонсох

Хүний эрхийн Үндэсний Комиссоос "Технологи ба Хүний эрх" нээлттэй хяналт шалгалтыг үндэсний хэмжээнд хэрэгжүүлж байна.

Монгол Улсын цахим хөгжлийн бодлого, түүний хэрэгжилтэд хүний эрх, хүний хувийн мэдээллийг хамгаалах арга хэмжээ тусгагдсан байдал, шинээр хэрэглээнд нэвтэрч буй технологийн хүний эрх, эрх чөлөөний эрсдэлийг үнэлэх, цаашид Монгол Улсын бодлого, хууль тогтоомж, тэдгээрийн хэрэгжилтийг хүний эрх, эрх чөлөөний зарчимд нийцүүлэх, хууль тогтоомж, бодлогын болон практик зөвлөмж боловсруулах хяналт шалгалтын хүрээнд Комиссын албан хаагчид, үндэсний зөвлөхүүдийг чадавхжуулах зорилгоор "Цахим хөгжил ба Хүний эрх" сургалтыг өнөөдөр /2024.05.21/ зохион байгууллаа. 

Сургалтад Төрийн үйлчилгээний цахим үйлчилгээний газар, "И-Монголиа Академи", "Үндэсний Дата төв" УТҮГ-ын холбогдох албан тушаалтнууд мэдээлэл өгч, оролцогчдын сонирхсон асуултад хариулт өглөө.

Тухайлбал: Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын Сургалтын хөгжлийн хэлтсийн Сургалт хөгжлийн ахлах мэргэжилтэн Ж.Хүрэлчимэг "Цахим үндэстэн" дундуур хугацааны зорилтот хөтөлбөр, Бүх нийтийн цахим ур чадвар, чадамжийг дээшлүүлэх арга хэмжээний хөтөлбөр сэдвийн хүрээнд мэдээлэл өгөх үеэр Монгол Улс нь Цахим засаглалын индексээр дэлхийн 193 улс орноос 74 дүгээр байрт жагсаж байгааг онцоллоо. 

Түүнчлэн 4G сүлжээнд хамрагдсан байдлаараа 143 улсаас 46 дугаарт орсон бол ДНБ-ний 0.24 хувийг мэдээлэл технологийн салбар эзэлж байна.

Мөн нийт 4 сая хүн ухаалаг гар утас ашигладаг бол 4.2 сая хүн интернетэд холбогдсон гэдэг мэдээлэл өглөө.

Улмаар Монгол Улс нь үндэсний хиймэл дагуултай болсноор валютын урсгалыг дотооддоо эргэлдүүлэх, сүлжээг доголдолгүй ашиглах, кибер аюулгүй байдлыг хамгаалах зэрэг олон давуу тал олгож байгааг тодотгосон юм.

Харин "И-Монголиа Академи" УТҮГ-ын захирал Б.Мягмарнаран "Е-Mongolia платформын үйл ажиллагаа болон шинээр нэвтрүүлсэн технологи сэдвийн хүрээнд мэдээлэл өгөх үеэрээ насанд хүрсэн 5 хүн тутмын 4 нь еmongolia платформ ашиглаж байна. 

Зарим иргэний зүгээр тус платформын нэвтрэхэд хүндрэлтэй, олон шатлалтай байна гэх шүүмжлэл ирүүлдэг. Нэг талаасаа аливаа технологийн хэрэглээ хялбар, түргэн, шуурхай байх ёстой. Гэхдээ emongolia платформын хувьд онцлогтой. Энэ нь Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийн хүрээнд Хүний хувийн мэдээллийг хамгаалах асуудлыг өндөр түвшинд авч үздэг гэлээ.

Үүний дараа “Үндэсний Дата төв” УТҮГ-ын Мэдээллийн технологийн газрын ахлах мэргэжилтэн Б.Түмэнбаяр, Мэдээллийн аюулгүй байдлын газрын Аюулгүй байдлын ахлах мэргэжилтэн Г.Пүрэвсүрэн нар “Төрийн байгууллагын Gov.mn домэйн нэр, цахим шуудан, вэб хостинг, зохиомол сервер, зогсуур түрээсийн үйлчилгээнд хүний хувийн мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглах, аюулгүй байдлыг хангаж буй байдал” сэдвээр мэдээлэл өгөв. 

Мэдээллийн эхэнд “Үндэсний Дата төв” УТҮГ-ын 2021 оны судалгаагаар Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа төрийн байгууллагын цахим үйлчилгээ, цахим системийн 90 орчим хувь нь ҮДТ-ийн дэд бүтцийн хүчин чадал, үйл ажиллагаатай шууд хамааралтайгаар хөгжиж байна гэдгийг онцолсон.

Түүнчлэн Монгол Улсад өдөрт 30-40 тэрбум кибер халдлага гадаад улсаас ирдэг бөгөөд тухай бүрт нь хариу арга хэмжээ авч ажилладаг гэв.

Сургалтад Комиссын Төв, орон нутаг дахь албан хаагчдаас гадна “Технологи ба Хүний эрх” нээлттэй хяналт шалгалтын үйл ажиллагаанд оролцох үндэсний компаниудын төлөөлөл оролцов.