Гомдол
ХЭҮК-ын гишүүн Б.Энхболд Эрүүгийн эрх зүйн олон улсын туршлага- хууль зүйн туслалцаа, хөөн хэлэлцэх хугацаа болон цахимжилт харилцан туршлага солилцох семинарт оролцлоо

ХЭҮК-ын гишүүн Б.Энхболд Эрүүгийн эрх зүйн олон улсын туршлага- хууль зүйн туслалцаа, хөөн хэлэлцэх хугацаа болон цахимжилт харилцан туршлага солилцох семинарт оролцлоо

2024.04.05 456
Сонсох

Шударгаар шүүлгэх болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүний эрхийг хангаж, хамгаалж буй олон улсын туршлага солилцох “Эрүүгийн эрх зүйн олон улсын туршлага- хууль зүйн туслалцаа, хөөн хэлэлцэх хугацаа болон цахимжилт” арга хэмжээ 2024 оны 03 дугаар сарын 17-ноос 23-ны хооронд Бельги Улсын нийслэл Брюссель хот, Нидерланд улсын Гааг хот, Люксембург улсад зохион байгуулагдлаа.

Тус арга хэмжээнд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Б.Энхболд тэргүүтэй хүний эрхийн үндэсний байгууллага, хууль, шүүхийн салбарын төлөөлөгчид Олон улсын шүүх, Олон улсын эрүүгийн шүүх, Европын зөвлөл, Европын Парламент, Европын Холбооны шүүх, Европын Холбооны прокурорын газар (Еврожаст), Европын парламент дахь Төв Ази, Монголтой харилцах бүлэг, Европын Холбооны гадаад харилцааны алба, Европын Комиссын олон улсын түншлэл, хамтын ажиллагааны газар, Ханнс-Зайделийн сангийн Брюссел дэх төлөөлөгчийн газар болон олон улсын хувийн эрх зүйн Гааагийн бага хурал, олон улсын эрх зүйн хамтын ажиллагааны төвд ажиллалаа.

Тус семинар-айлчлалд дараах чиглэлээр мэдээлэл солилцож, хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлов. Үүнд:

  • Монгол Улс Европын бүс нутагтай эрүүгийн эрх зүйн чиглэлд эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх болон Европын зөвлөлөөс батлан гаргасан хүний эрхийн конвенциудад нэгдэн орох боломж, хамтын ажиллагааны туршлага
  • Шүүн таслах болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүний эрхийг хангах сайн туршлага, алба хаагчдын хүний эрхийн мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх.
  • Европын Холбооны “Дэлхийд гарах гарц” хөтөлбөр, хоёр бүсийн хамтын ажиллагааны асуудал, Монгол Улсын хууль эрх зүйн салбарт хийгдэж буй шинэчлэл, хамтын ажиллагаа.
  • Хүний эрхийн сургалт, судалгааны чиглэлээр Европын холбооны байгууллагуудтай хамтран ажиллах боломж.
  • Мөрдөн шалгах байгууллагуудын хамтын ажиллагаа, харилцан нотлох баримт солилцон ажиллаж буй орны туршлага.
  • Хүний эрх, шүүх эрх мэдлийн салбарт хэрэгжүүлж буй төсөл, түүний ач холбогдол, судалгааны тэргүүлэх чиглэл.
  • Олон улсын шүүх, Олон улсын эрүүгийн шүүх, Европын холбооны шүүхийн үйл ажиллагааны онцлог, чиг үүрэг, олон улсын хэмжээнд гарч буй хүний эрхий талаар харилцан туршлага солилцох.
  • Хуулийн салбар дахь инновац, судалгааны үр дүнг бодлого боловсруулахад ашиглаж буй сайн туршлага.  
  • Монгол Улс дахь шүүх эрх мэдлийн болон хүний эрхийг хангах байгууллагуудын үйл ажиллагаа, сүүлийн жилүүдэд хийгдэж байгаа шинэчлэл болон Европын Холбооны байгууллагуудтай хамтран ажиллах боломж, нөхцөл.

Тус семинарыг Ханнс Зайделийн сангийн Брюссел дэх төлөөлөгчийн газар, Монгол Улс дахь төлөөлөгчийн газрууд дэмжиж хамтран зохион байгуулсан юм.     

Ханнс-Зайделийн сан 1993 оноос Монгол улсын эрх зүйн салбарын хөгжил цэцэглэлт, ардчиллын суурь бүтэц тогтолцоог бэхжүүлэх чиглэлд үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж байгаа бөгөөд хүний эрх, шүүхийн шинэчлэлийг дэмжих зорилгын хүрээнд хууль зүйн салбарын чухал түншлэгч байгууллагуудтай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхээр зорьж буй.

Энэ удаагийн айлчлалын бүрэлдэхүүнд Хүний эрхийн Үндэсний Комисс, Улсын Дээд шүүх, Улсын Ерөнхий прокурорын газар, Хууль зүй дотоод хэргийн яамны төлөөлөл оролцсон бол Монгол Улсаас Бельгийн Хаант Улсад суугаа Элчин сайдын яамнаас албан ёсны уулзалт, хэлэлцээрт дэмжлэг үзүүлж хамтран ажиллалаа.