ХЭҮК-ын Хүний эрх хамгаалагчийн асуудал эрхэлсэн гишүүн С.Дондов НҮБ-ын Хүний эрхийн Дээд Комиссарын газрын Монгол Улсыг хариуцсан ажилтан Себастьен Гиёо, НҮБ-ын Суурин зохицуулагчийн газрын Хүний эрхийн зөвлөх Ч.Алтангэрэл нарыг 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Комиссын гишүүн С.Дондов Хүний эрх хамгаалагчийг хамгаалах механизмыг бэхжүүлэх зорилгоор Комиссоос хүргүүлсэн төслийн саналыг хүлээн авч, хамтран ажиллах болсонд талархал илэрхийллээ.

Комиссоос хүргүүлсэн төсөлд хүний эрх хамгаалагчийн эрх зөрчигдсөн эсэх асуудлаар дүгнэлт чиг үүрэг бүхий Хүний эрх хамгаалагчийн хороо, Хүний эрх хамгаалагчийн хэлтсийн ажилтнууд, орон нутгийн ажилтнууд, хүний эрх хамгаалагчийг хамгаалахад хуульд заасан чиг үүрэг бүхий төрийн байгууллагуудын чадавхжуулах, мэргэшүүлэх, Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3 дахь хэсэгт заасан гомдол, мэдээллийн сан үүсгэх, Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.6-д хүний эрх хамгаалагчийн үйлдлийг хамгаалах зохицуулалтыг байгууллагын дотоод журамд тусгаж, хэрэгжүүлэх, сургалт зохион байгуулах зааварчилгаа боловсруулах, энэ талаар төрийн байгууллага, хуулийн этгээдэд сурталчлах чиглэлээр хамтран ажиллах талаар тусгасан юм.
Хүний эрхийн Дээд Комиссарын газрын тэргүүлэх чиглэлд хүний эрх хамгаалагчдыг хамгаалах асуудал байдгийг ноён Себастьен Гиёо дурдаад Монгол Улс ХЭХЭБтХ-ийг баталсан нь хүний эрх хамгаалагчдыг хамгаалах сайн жишгийг Ази тив болон олон улсад бүрдүүлнэ гэдэгт итгэлтэй байна гэлээ.
Түүнчлэн энэ чиглэлээр хамтарсан сурталчилгаа хийх, төсөл хэрэгжүүлэх, техникийн дэмжлэг үзүүлэх, хамтын ажиллагааг бэхжүүлэх зэрэгт онцгойлон анхаарч ажиллахаа илэрхийлэв.
Комиссоос 2023 оны 10 дугаар сард ХЭДКГ-т хүргүүлсэн дээрх төслийг 2024 оны 1 дүгээр улирлаас эхлүүлэн хэрэгжүүлэх хүрээнд ажлын зураглал, үйл ажиллагааны нарийвчилсан төлөвлөгөө гаргаж, цаашид тогтмол мэдээлэл солилцож ажиллахаар харилцан тохиролцов.
Уулзалтад Комиссын дэргэдэх орон тооны бус Хүний эрх хамгаалагчийн хорооны гишүүн Ц.Оюунбаатар, Э.Сундуй, Хүний эрх хамгаалагчийн хэлтсийн дарга З.Өнөржаргал,референт Д.Мөнхтуяа, Гадаад, хамтын ажиллагааны тасгийн референт Б.Ганбат нар байлцав.