ХЭҮК-ын дарга Д.Сүнжид, Комиссын гишүүн Ж.Хунан нар НҮБ-ын Хүний эрхийн Дээд Комиссарын албаны Монгол Улсыг хариуцсан ажилтан Себастьен Гиёо, НҮБ-ын Суурин төлөөлөгчийн газрын Хүний эрхийн зөвлөх Ч.Алтангэрэл нарыг өнөөдөр /2023.12.04/ хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Комиссын дарга Д.Сүнжид Хүний эрхийн түгээмэл Тунхаглал батлагдсаны 75 жилийн ойн хүрээнд Хүний эрхийн олон улсын өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Хүний эрхийн Үндэсний форум”-ыг 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр зохион байгуулна. Тус арга хэмжээнд НҮБ-ын Хүний эрхийн Дээд Комиссарын газрын Ази, Номхон далайн бүсийн албаны дарга Рори Мунговен оролцох гэж буйд талархал илэрхийллээ.
Ноён Себастьен Гиёо хүний эрхийг хамгаалах, хангах тал дээр ахиц гаргахын төлөө зорилго нэгтэй, тэр дундаа Хүний эрхийн түгээмэл Тунхаглалын агуулгыг олон нийт, сэтгүүлчдэд таниулах, сурталчлах чиглэлд идэвх санаачилгатай ажиллаж байгаад Комисст талархал илэрхийлж, цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэхээ илэрхийллээ.
ХЭҮК-ын гишүүн Ж.Хунан Монгол Улсад НҮБ-ын Сургалт, судалгааны төв байгуулах тухай Комиссын санаачилгад НҮБ болон НҮБ-ын Суурин төлөөлөгчийн газраас дэмжлэг үзүүлж байгааг онцлоод хүний эрхийн боловсролоор дамжуулж хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох боломжтойг дурдсан юм.
Энэ хүрээнд хүний эрхийн хичээлийг албан болон албан бус тогтолцоогоор дамжуулж олгох тухай саналыг Боловсрол, шинжлэх ухааны сайдад нийт 4 хүргүүлсэн.
Мөн 2023-2024 оны хичээлийн шинэ жилийн эхний өдөр Хүний эрхийн түгээмэл Тунхаглалын агуулгыг тайлбарлан таниулсан хичээл орохыг уриалсан Комиссын уриалгыг үндэсний хэмжээнд 600 орчим боловсролын байгууллага дэмжин ажилласныг цохон тэмдэглэв.
Улмаар “Хүний эрхийн хангах үндэсний хөтөлбөр-2”, "Хүний эрхийн нэр томьёонд тодорхойлолт боловсруулах" судалгаа, “Хүний эрхийн Үндэсний индекс” боловсруулах зэрэг ажлын явц, цаашид практикт турших, үр дүнг боловсронгуй болгоход ХЭДКГ-аас дэмжлэг үзүүлэх боломж, Монгол Улсын Засгийн газраас хүний эрхийг хангаж, хамгаалах чиглэлээр НҮБ-д өгөх амлалт, 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр зохион байгуулагдах "Хүний эрхийн Үндэсний форум"-аар хөндөгдөх сэдэв болон бусад асуудлаар санал хуваалцаж, харилцан мэдээлэл солилцлоо.

Тус уулзалтын дараа Хүний эрхийн Дээд Комиссарын албаны Монгол Улсыг хариуцсан ажилтан Себастьен Гиёо Комиссын Хүний эрх хамгаалагч болон Хувийн мэдээлэл хамгаалах, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх механизм хариуцсан гишүүд болон хэлтсийн ажилтнуудтай уулзаж, ирэх 2024 онд ХЭДКГ-тай хамтын ажиллагааны төлөвлөгөөний талаар санал солилцов.