Гомдол
Залуу судлаач, хуульчид Ардын их хурлын депутат, Улсын бага хурлын гишүүдтэй хүний эрх, эрх чөлөөний байдлын талаар санал солилцлоо

Залуу судлаач, хуульчид Ардын их хурлын депутат, Улсын бага хурлын гишүүдтэй хүний эрх, эрх чөлөөний байдлын талаар санал солилцлоо

2023.12.03 482
Сонсох

Монгол Улсын 1992 оны ардчилсан, шинэ Үндсэн хуулийг батлахад оролцож, ажилласан Ардын Их хурлын депутат, Улсын Бага хурлын гишүүдэд хүндэтгэл үзүүлэх, хүний эрх, эрх чөлөөний байдалд тулгамдаж буй асуудлаар залуу судлаачидтай үзэл бодол, байр сууриа чөлөөтэй хуваалцаж, санал солилцох зорилгоор “Монгол Улсын шинэ үндсэн хуулийн хүний эрх, эрх чөлөөний үзэл баримтлал” санал солилцох уулзалтыг ХЭҮК, Криминологичдын холбоо, Антропологийн Холбоо, МУИС-ийн Шинжлэх ухааны сургууль хамтран 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр зохион байгууллаа.

Хүний эрхийн Түгээмэл Тунхаглал батлагдсаны 75 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулсан тус арга хэмжээнд зориулж, УИХ-ын дарга Г.Занданшатар мэндчилгээ дэвшүүлснийг Улсын бага хурлын гишүүн асан, УИХ-ын гишүүн асан Д.Лүндээжанцан уншиж, сонордууллаа.

Тус мэндчилгээнд “...Энэ удаагийн парламент хүний эрхийн парламент байна гэдгийг тунхаглан зарлаж, та бидний тэртээ 32 жилийн өмнө суурийг нь тавьсан хүний эрх, эрх чөлөөг бататган хамгаалах Хүний эрхийн шинэ механизмуудыг байгуулж, хууль эрх зүйн орчныг нь боловсронгуй болгож, Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай, Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хууль зэрэг хуулиудыг баталснаас гадна Монгол Улсын Парламент анх удаагаа Хүний эрх, жендэрийн асуудлаар өөрийн үнэлгээг Олон улсын парламентын холбоотой хамтран хийсэн дэлхийн анхны улс боллоо. Хүний үр үндэс, суурийг тавьж өгсөн Монгол Улсын шинэ Үндсэн хуулийг боловсруулж, батлуулах түүхэн цаг хугацаанд, түүхэн үүрэг гүйцэтгэсэн та бүхэнд дахин гүн талархал илэрхийлье” гэжээ.

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар жил бүрийн 12 дугаар сарын 10-ны өдөр тохиодог “Хүний эрхийн олон улсын өдөр”-ийг угтаж, УИХ хүндэтгэлийн чуулган хийхээр товлосон нь энэ удаагийн парламент хүний эрхийн асуудлыг өндөр түвшинд авч үзэж байгаагийн тод илрэл гэдгийг энэ үеэр цохон тэмдэглэсэн.

Арга хэмжээний үеэр ХЭҮК-ын даргын тушаалаар Хүний эрхийн түгээмэл Тунхаглалыг орчуулсан ахмад дипломатч Ш.Шагдарсүрэнийг “Хүндэт тэмдэг”-ээр шагналаа. Тэрбээр Хүний эрхийн түгээмэл Тунхаглалыг НҮБ-ын баталсан баримт, бичгийн “цагаан толгой” гэж тооцдог. Энэ Тунхаглалын гол үзэл санаа, нийтлэг агуулга нь Үндсэн хуульд туссан учраас л Монгол Улс хүний эрхийг дээдэлдэг хууль тогтоомжтой улс орон болсон юм” гэдгийг тодотгов.

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын захиалгаар "Хүний эрхийн нэр томьёонд тодорхойлолт боловсруулах судалгааны ажлыг “Залуу судлаачдыг дэмжих сан”-тай хамтран гүйцэтгэж байна. Энэ хүрээнд 1992 оны ардчилсан, шинэ Үндсэн хуулийг батлахад оролцож, ажилласан Ардын Их хурлын депутат, Улсын Бага хурлын гишүүдээс хүний 12 эрхээр санал солилцож, тодруулга авсан юм.

Уулзалтад оролцсон ахмад депутат, гишүүдийн зүгээс Үндсэн хуулийн 2 дугаар бүлэгт тусгагдсан хүний эрхийн нэр томъёонд системчилсэн тодорхойлолт боловсруулах нь хүний эрхийн нэр томъёоны нэгдсэн нэг ойлголтод хүрэх цаашлаад Үндсэн хууль, хүний эрх, хуулийн салбарын судлаачдад онцлох гарын авлага болохуйц чухал ажил болж байгааг онцлоод Үндсэн хуульд хүний эрхийг хамгаалсан зүйл, заалт тусгахад учирсан хүндрэл бэрхшээл, сорилтын талаарх өөрсдийн туршлагаас хуваалцсан юм.

Тухайлбал, ХЭҮК-ын дарга асан Ж.Бямдадорж “Үндсэн хуулийн 16.11-т улс төр, эдийн засаг, нийгэм соёлын амьдрал, гэр бүлийн харилцаанд эрэгтэй, эмэгтэй тэгш эрхтэй. Гэрлэлт нь хуулиар тогтоосон насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэй хоёрын тэгш эрх, сайн дурын харилцаанд үндэслэнэ гэсэн заалт болон ЛГБТ иргэнийн эрхийг хамгаалах асуудлаар олон улсын зарим байгууллагатай үл ойлголцох асуудал үүсаж байсан удаатай. Тиймээс тухайн улсын хүний эрхийн үндэсний байгууллага өөрийн байр сууриа хаана ч, хэзээ ч хамгаалах нь туйлын чухал. Тэгж байж өөрийн үндэсний эрх ашиг, иргэдийн эрх ашгийг хамгаална” гэдгийг онцлон хэлсэн.

Харин Ардын Их Хурлын депутат Н.Жанцан “Үндсэн хуулийн төслийг боловсруулах явцад 16.14-т “гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй” биш харин “төрөл садныхаа эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй” гэж томъёолох санал орж ирсэн. Тухайн үед ажлын хэсгийн гишүүд цөөнгүй удаа маргалдаж, хэлэлцсэн. Эцэстээ одоогийн Үндсэн хуульд томъёолсноор буюу “өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг, эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй” гэж томъёолохоор тогтсон юм. Хуульд үгийг хэрхэн тусгаж, хэрхэн хэрэглэхээс Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдал хангагдах эсэх нь хамаардаг. Өөрөөр хэлбэл, хэрвээ “төрөл төрөгсдийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй” гэж хуульчилсан бол хууль хүн бүрд тэгш үйлчилж чадахгүй байх нөхцөл байдал үүсэх байсан. Тиймээс залуу үеийнхэндээ хандаж хэлэхэд, хуулийг нэг мөр ойлгож, хэрэгжүүлэх нь хамгийн чухал” гэдгийг захиж хэллээ.

Улсын Бага Хурлын гишүүн асан, УИХ-ын гишүүүн асан Р.Гончигдорж “Хүн бүр эрх зүйн этгээд байна” гэдэг томъёоллыг “сүбьект байна” гэдэг агуулгаар томъёолох санал орж ирсэн нь багагүй маргаан дагуулж байлаа. Учир нь хуульд тэр дундаа Үндсэн хуульд гадаад нэр, томъёо ашиглах нь хэр зохистой вэ гэдгээс эхлээд нэг үг 1000 утга агуулах боломжтой учир гадаад үг ашиглах нь зохимжгүй гэж зарим, гишүүд болгоомжилсон. Тэгэхэд гавьяат хуульч асан Б.Чимэд багш “Нэг үг-нэг утга агуулах ёстой. Ялангуяа хуульд” гэж хатуухан хэлсэн юм. Тиймээс Б.Чимэд багшийн хэлсэн энэ үгийг шинэ үеийн хуульчид, ялангуяа шүүгч, прокурор, мөрдөгч нарт захиж хэлмээр байна. Цаг ямагт санаж яваарай” гэлээ.