Гомдол
Иргэний нийгмийн байгууллагын төлөөлөлтэй хамтарч Зэвсэгт хүчний Жанжин Штабын харьяа Зэвсэгт хүчний 017, 120 дугаар ангид АЖИЛЛАЛАА

Иргэний нийгмийн байгууллагын төлөөлөлтэй хамтарч Зэвсэгт хүчний Жанжин Штабын харьяа Зэвсэгт хүчний 017, 120 дугаар ангид АЖИЛЛАЛАА

2023.10.13 643
Сонсох

Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Б.Энхболдоор ахлуулсан ажлын хэсэг, иргэний нийгмийн төлөөлөл Зэвсэгт хүчний Жанжин Штабын харьяа Зэвсэгт хүчний 017, 120 дугаар ангид 2023 оны 10 дугаар сарын 12, 13-ний өдөр ажиллалаа. 

Ажлын хэсэг Монгол Улсын Их Хурлын 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн “Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 21 дэх илтгэлийг хэлэлцсэнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” 49 дүгээр тогтоолын хэрэгжилттэй танилцаж, цэргийн алба хаах орчин нөхцөл, сургалт, сэтгэл зүйн хангалт, хөдөлмөр эрхлэлтийн байдал, гарсан үр дүнд үнэлэлт өгч, 120 гаруй хугацаат цэргийн алба хаагч, байнгын бүрэлдэхүүнээс санал асуулга авч ярилцлага хийлээ.  

Тогтоолын хэрэгжилттэй холбоотойгоор цэргийн сургалт, соён гэгээрлийн үйл ажиллагаанд ахиц дэвшил гарсан, салбарын хэмжээнд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, сахилга дэг журмыг сайжруулах зөвлөл ажиллаж жигдэрсэн, цэргийн дүрмийн холбогдох хэсгүүдэд нэмэлт, өөрчлөлт оруулсан, сэтгэл зүйн мэргэжлийн албан хаагч ажиллуулах бодлого хэрэгжүүлж эхэлсэн зэрэг эерэг өөрчлөлт гарсан гэж дүгнэв.  

Цаашид цэргийн байнгын бие бүрэлдэхүүний хувцасны хангалтыг хуульд заасны дагуу олгох, холбогдох төсвийг шийдвэрлэх, зарим ангийн хувьд хугацаат цэргийн алба хаагчдын байрлах байр болон ариун цэврийн байгууламж, гал зуухны орчин нөхцөлийг сайжруулах зэрэг саналыг холбогдох байгууллага, албан тушаалтанд хүргүүлэхээр шийдвэрлэв.   

Энэ өдрүүдэд хугацаат цэргийн алба хаагчдыг халах арга хэмжээ явагдаж байгаа ба Зэвсэгт хүчний 120 дугаар ангийн цэргийн алба хаагчид байлдааны туганд хүндэтгэл үзүүлэх ёслолын арга хэмжээнд оролцож амжилт хүслээ.