Гомдол
Хүний эрх хамгаалагчийн хорооны гишүүнийг сонгох нээлттэй сонгон шалгаруулалт боллоо

Хүний эрх хамгаалагчийн хорооны гишүүнийг сонгох нээлттэй сонгон шалгаруулалт боллоо

2023.02.28 268
Сонсох

Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуульд ХЭҮК-ын дэргэд хүний эрх хамгаалагчийн эрх зөрчигдсөн эсэх талаар дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий орон тооны бус Хүний эрх хамгаалагчийн хороо ажиллана гэж заасан билээ.

Тус хуулиар Хүний эрх хамгаалагчийн хороо нь Хорооны дарга, хорооны зургаан гишүүний бүрэлдэхүүнтэй байх ба бүрэлдэхүүний хоёр гишүүнийг Хуульчдын холбоо, Өмгөөлөгчдийн холбооноос санал болгосноор шууд томилоно. Харин үлдсэн 4 гишүүнийг ашгийн төлөө бус байгууллагын төлөөллөөс нээлттэй сонгон шалгаруулалтаар сонгохоор тус тус заасан.

Өмнөх сонгон шалгаруулалтад тэнцсэн Л.Баасанжав, Х.Баасанжаргал, Ц.Отгонтунгалаг, Ч.Ундрах нар 2022 оны арваннэгдүгээр сарын 04-ний өдөр Хорооны гишүүний үнэмлэхээ гардаж авсан юм.

Тэгвэл сул үлдсэн хоёр орон тоонд

  • Дархан-Уул аймаг дахь "Цагдаа, дотоодын цэргийн ахмад ажилтнуудын холбоо" ТББ-ын гишүүн С.Уламбадрах
  • "Сэтгэлзүй мэдрэмж" ТББ-ын гүйцэтгэх захирал Ч.Сэмжидмаа
  • "Оюу Толгойн хяналт" ТББ-ын тэргүүн Д.Сүхгэрэл
  • "Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байгууллагуудын үндэсний холбоо"-ны тэргүүн Ц.Оюунбаатар
  • “Төв тусгал” ТББ-ын гүйцэтгэх захирал Э.Сундуй нар саналаа ирүүлсний дагуу нээлттэй сонгон шалгаруулалтыг өнөөдөр /2023.02.28/ зохион байгууллаа.

Сонгон шалгаруулалтын дүнг 2023 оны гуравдугаар сарын 02-ны өдөр танилцуулж, Хорооны гишүүний үнэмлэх гардуулна.

Сонгон шалгаруулалтын Ажлын хэсгийн ахлагчаар ХЭҮК-ын Тамгын газрын дарга Ц.Адъяахишиг, ажлын хэсгийн гишүүдээр ХЗДХЯ-ны Олон улсын гэрээ, гадаад хамтын ажиллагааны газрын дарга Б.Билгүүн, ТАЗ-ийн Сонгон шалгаруулалтын газрын дарга Т.Сосорбарам, ЖҮХ-ны Тогтвортой хөгжлийн бодлогын хэлтсийн дарга С.Батцэцэг, Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн захирал Н.Арвинтариа нар ажиллалаа.