Гомдол
Увс аймгийн удирдах ажилтнуудад хүний эрх, хүйсийн тэгш байдлын талаар сургалт зохион байгуулж, хяналт шалгалтын ажлыг үргэлжлүүлж байна

Увс аймгийн удирдах ажилтнуудад хүний эрх, хүйсийн тэгш байдлын талаар сургалт зохион байгуулж, хяналт шалгалтын ажлыг үргэлжлүүлж байна

2022.06.10 282
Сонсох

Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Г.Нарантуяагаар ахлуулсан Ажлын хэсэг энэ сарын 9,10-ны өдрүүдэд Увс аймагт ажиллах хугацаандаа удирдах албан тушаалтнуудад зориулан сургалт явуулахын зэрэгцээ хэд хэдэн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж хяналт, шалгалтын ажлыг явуулж байна.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг тус аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Батболд хүлээн авч уулзаж, хүний эрхийг хангах хамгаалах чиглэлээр орон нутагт хийгдэж байгаа ажил, хүний эрхийн нөхцөл байдлын талаар мэдэээлэл өгч харилцан санал солилцлоо. Түүнчлэн орон нутгийн удирдах ажилтнууд, аймгийн ерөнхий прокурор, цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын удирдлагуудтай уулзалт зохион байгуулж, Комиссын бодлого, үйл ажиллагаа хийж хэрэгжүүлж байгаа ажлын талаар мэдээлэл өглөө.

Энэ үеэр аймгийн бүх сумдын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга нарт зориулан хүний эрх, хүйсийн тэгш байдлын талаар сургалт зохион байгуулж, ХЭҮК-ын гишүүн Г.Нарантуяа “Хүний эрхийн үндэсний байгууллагын мөн чанар, эрх зүйн байдал, Комиссын бодлого, үйл ажиллагаа”, референт О.Тодбулаг “Хүнд ээлтэй төрийн алба”, “Хөдөлмөрийн харилцаан дахь хүний эрхийн асуудлууд”, Монголын Эмнести Интернэшнл ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга, хүний эрхийн сургагч багш С.Ганчимэг “Жендэрийн мэдрэмжтэй бодлого төлөвлөлт”, “Жендэрийн дүн шинжилгээ хийх нь”, Удирдлагын академийн эрх зүйн тэнхимийн эрхлэгч А.Алтанзул “Захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хүний эрхийг хангах нь”, “Хүний хувийн мэдээллийг хамгаалах, нийтийн мэдээллийн ил тод байдлыг хангах эрх зүйн зохицуулалт” сэдвүүдийн хүрээнд мэдлэг мэдээллийг олголоо.

Түүнчлэн ХЭҮК-ын гишүүн Г.Нарантуяа ШШГЕГ-ын харъяа цагдан хорих, баривчлах байрууд, Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын харъяа баруун бүсийн ахмадын асрамж, үйлчилгээний төвийн үйл ажиллагаатай биечлэн танилцаж, иргэдийн төлөөлөлтэй уулзаж, тэдний санал хүсэлтийг сонсож хууль зүйн зөвлөгөө мэдээллийг өгсөн байна.Мөн энэ үеэр ХЭҮК-ын Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Ууганбаатар, референт Я.Хонгорзул, Д.Дугарсүрэн, Х.Наранцэцэг, ахлах шинжээч Д.Гантулга нар аймгийн Хүүхдийн эрхийн хууль зүйн хороо, Жэндэрийн тэгш байдлыг хангах тухай хуулийг хэрэгжүүлэх талаар гаргасан Комиссын зөвлөмжийн хэрэгжилт, Улаангом политехник коллежийн дотуур байр, Улаангомын Дулааны станц-2 ТӨХК-д хөдөлмөрлөх эрх, хөдөлмөрийн харилцаан дахь ялгаварлан гадуурхалт, ажлын байрны дарамтаас ангид байх эрхийн хэрэгжилтэд хяналт шалгалтын ажлыг хийж гүйцэтгэж байна.