Хүн бүр эрх чөлөөтэй, хуульд заасан үндэслэл журмаас гадуур хэний ч эрх чөлөөг хасч болохгүй болохыг Үндсэн хууль, Монгол Улсын нэгдэн орсон Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактаар хүлээн зөвшөөрч, баталгаажуулсан байдаг.
Улсын онцгой комиссоос баталсан “Зөвлөмжийн баталгааны маягт” хэмээх хууль сануулсан маягтад тусгаарлалтаас гарч буй иргэдээс гарын үсгийг заавал зуруулж байгаа нь иргэдэд үүрэг болгосон шинжтэйгээс гаднаас тэдний эрх чөлөө хязгаарлагдах, айдаст автах, эмээх, сэтгэл зүйн дарамтад орох, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж чадахгүй байх зэрэг нөхцөл байдалд хүргэж байна.
Иймд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос Улсын Онцгой Комисст Шаардлага хүргүүллээ. ХЭҮК-ын гишүүн Д.Сүнжидийн гарын үсэг бүхий уг Шаардлагад:
Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд тусгаарлалтаас гарч буй иргэдээс “Зөвлөмжийн баталгааны маягт”-аар хууль сануулан гарын үсэг зуруулахыг зохицуулаагүй бөгөөд иргэдэд хуульд заасан эрх, үүргийг тайлбарлахад заавал гарын үсгийн баталгаа авах шаардлагагүйн зэрэгцээ өөр арга хэлбэрээр таниулах боломж нээлттэй байна. Тиймээс “Зөвлөмжийн баталгааны маягт”-наас хуулийн зүйл, заалтыг танилцуулга, сурталчилгааны хэлбэрээр танилцуулах боломжийг бүрдүүлэхэд анхаарах хэрэгтэй байна.
Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1-11.1.5 дахь хэсгүүдэд зааснаар цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх талаар эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас гаргах шийдвэр, арга хэмжээ нь Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалсан иргэний үндсэн эрх, эрх чөлөөг хязгаарлахад тавигдах таван үндсэн шаардлагыг тусгасанаас гадна 11 дүгээр зүйлийн 11.3 дахь хэсэгт заасны дагуу цар тахлаас урьдчилан сэргийлэх, нийгмийн эрүүл мэндийн хамгаалах зорилгоор гарах шийдвэр, арга хэмжээ нь иргэний үндсэн эрх, эрх чөлөөг хамгийн бага хязгаарласан, бодитой, тохирсон байх ёстой билээ.
Түүнчлэн Хүний эрхийн Үндэсний Комисс нь Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5 дахь хэсэгт зааснаар Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд заасан чиг үүрэг, бүрэн эрхийн хүрээнд энэ хуульд заасан арга хэмжээнд хяналт ажиллаж байна.
Иймд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсэгт заасан бүрэн эрхийн хүрээнд хүний эрх, эрх чөлөөний зөрчлийг таслан зогсоох, цаашид зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор тусгаарлалтаас гарах иргэдэд зориулсан “Зөвлөмжийн баталгааны маягт”-ыг өөрчлүүлэхээр Комиссын гишүүний Шаардлага хүргүүлж байна.
Комиссын гишүүний Шаардлагын хэрэгжилтийг хангаж, авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, биелэлтийн талаар Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2 дахь хэсэгт заасны дагуу 7 хоногийн дотор хариу ирүүлнэ үү гэсэн байна.
“Зөвлөмжийн баталгааны маягт”-ын өөрчлүүлэх асуудлаар ХЭҮК-оос УОК-т хүргүүлсэн Шаардлага
Үзэх
2021-01-29