Гомдол
“Хүний эрхийг хангах үндэсний хоёрдугаар хөтөлбөр” -ийг батлах эрх зүйн үндэс бүрдлээ

“Хүний эрхийг хангах үндэсний хоёрдугаар хөтөлбөр” -ийг батлах эрх зүйн үндэс бүрдлээ

2026.09.10 360
Сонсох

Монгол Улс хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийг анх 2003 онд УИХ-ын 41 дүгээр тогтоолоор батлан хэрэгжүүлсэн.

Түүнээс хойш хүний эрхийн нөхцөл байдал, нийгэм, эдийн засгийн өөрчлөлттэй уялдуулан үндэсний шинэ хөтөлбөр боловсруулах шаардлага бий болсон юм.

Тиймээс Хүний эрхийн Үндэсний Комисс Монгол Улсын Үндсэн хууль, хууль, олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөөний хэрэгжилтэд хяналт тавьж, хүний эрхийг хамгаалах, дэмжих чиг үүргийнхээ хүрээнд 2023 оны 05 дугаар сард “Хүний эрхийг хангах үндэсний хоёрдугаар хөтөлбөр”-ийн төслийг боловсруулах шинжээчдийн ажлын хэсгийг байгуулж, 7 зорилго, 46 зорилт, 273 арга хэмжээ бүхий хөтөлбөрийн төслийг боловсруулан холбогдох талуудад хүргүүлсэн. Хөтөлбөрийн төслийг төрийн болон хүний эрхийн чиглэлээр ажилладаг иргэний нийгмийн байгууллагын төлөөллөөр, мөн орон нутгийн иргэдэд бүсчилсэн байдлаар хэлэлцүүлж саналыг тусгасан юм.

Улмаар Улсын Их Хурлын даргын 2024 оны 93 дугаар захирамжаар “Хүний эрхийг хангах үндэсний 2 дугаар хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан бөгөөд тус ажлын хэсэг өмнө боловсруулсан төслийг сайжруулах, холбогдох байгууллага, талуудын санал тусгах чиглэлээр ажилласан байна.

Хөтөлбөрийг боловсруулах явцад үндэсний урт хугацааны хөгжлийн баримт бичгүүдтэй уялдуулах, хөтөлбөр боловсруулах эрх зүйн үндэслэлийг тодорхой болгох шаардлага гарсан.

Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Х.Баасанжаргалын ахалсан “Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлын хэсэг” холбогдох хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг 2025 оны 1 дүгээр сард УИХ-д өргөн мэдүүлсэн.

Уг хуулийн төсөлд хүний эрх, эрх чөлөөг хангах зорилтот хөтөлбөр боловсруулах эрх зүйн үндэслэлийг тусгасан бөгөөд “Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 6.5.9-д “хүний эрх, эрх чөлөөг хангах зорилтот хөтөлбөр” боловсруулахтай холбоотой зохицуулалт оруулсан байна.

Дээрх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг 2026 оны 7 дугаар сард Улсын Их Хурал баталснаар хүний эрхийг хангах үндэсний II хөтөлбөрийг батлах эрх зүйн үндэс бүрджээ.