Хүний эрхийн Үндэсний Комиссоос 21 аймагт зохион байгуулж буй “АХМАДАА СОНСЪЁ, АСУУДЛАА ХЭЛЭЛЦЬЕ” арга хэмжээг Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтэс, аймгийн Ахмадын хороо, аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар, Нийгмийн даатгалын газруудтай хамтран 2026 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Хүүхдийн ордны Урлагийн зааланд нийт 80 ахмадуудыг хамруулан зохион байгуулав.
Тус хэлэлцүүлгийн гол зорилго нь ахмад настны нэр төр, эрх, оролцоог хүндэтгэн хамгаалах, хүний эрх болон ахмад настны эрхийн талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, эрхээ хамгаалах чадавхыг бэхжүүлэх, орон нутаг дахь ахмад настны эрхийн хэрэгжилтийн тулгамдсан асуудлыг өөрсдийн оролцоотой тодорхойлох, боломжит шийдлийн талаар санал солилцох, цаашдын бодлого, арга хэмжээг тодорхойлоход чиглэх юм.

Орхон аймгийн Засаг дарга Б.Зоригтбаяр хэлэлцүүлгийг нээж үг хэлсэн бөгөөд эхний сургалтыг Хүний эрхийн Үндэсний Комиссын тус аймаг дахь референт Ц.Батзаяа “Ахмад настны эрх” сэдвээр, аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын мэргэжилтэн Т.Уламбаяр “Ахмад настын тухай хуулийн шинэчилсэн найруулга, холбогдох заалт” сэдвээр, Нийгмийн даатгалын газрын дарга Д.Нармандах “Ахмад настын нийгмийн даатгал, тэтгэврийн асуудал” сэдвээр, Орхон аймгийн Ахмадын хорооны дарга Л.Бадамхорлоо “Ахмадын байгууллагын үйл ажиллагаа ахмад настны оролцоо” сэдвүүдээр тус тус сургалт, мэдээлэл хийж, оролцогчдын санал хүсэлтийг сонсож, сонирхсон асуултад хариулт өгч ажиллав.
Хэлэлцүүлэгт оролцогч ахмадуудаас гарсан санал, санаачилгыг нэгтгэн Комисст хүргүүлж УИХ-аас батлагдаж буй хууль тогтоомж, бодлого, шийдвэр, үйл ажиллагаанд тусган хэрэгжүүлэхэд санал хүргүүлхийн зэрэгцээ орон нутгийн түвшийн шийдвэрлэх боломжтой саналыг аймгийн Засаг дарга Б.Зоригтбаярт хүргүүлэн шийдвэрлүүлэн ажиллах юм.


