Хүний эрхийн Үндэсний Комиссоос хүүхдийн эрхийг хамгаалах, үе тэнгийн дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалтаас урьдчилан сэргийлэх, хүүхэд бүр бие биеэ хүндэтгэн хамгаалдаг зөв хандлага, соёлыг төлөвшүүлэх зорилгоор “Хүүхэд бүр ялагч – Хүүхэд бүр хамгаалагч” хүүхдийн марафоныг 6–17 насны хүүхдүүдийн дунд зургаан насны ангиллаар гурав дахь жилдээ улсын хэмжээнд амжилттай зохион байгууллаа.
Тус арга хэмжээг Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Нийслэлийн Онцгой байдлын газар, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, Гүүд Нэйборс олон улсын төрийн бус байгууллага, Дэлхийн зөн, Child.mn сайт, Монголын Эмнести Интернэшнл ТББ, МСЭЛ ХХК, Sarayui Institute зэрэг байгууллагуудтай хамтран зохион байгуулж, тайлангийн хурлаа хийлээ.
Тайлангийн хурлын үеэр Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Ж.Хунан “Хүүхэд бүр ялагч – Хүүхэд бүр хамгаалагч” уриан дор зохион байгуулсан “Хүүхдийн марафон-2026” арга хэмжээ нь хамтрагч байгууллагуудын идэвхтэй оролцоо, нягт хамтын ажиллагаа, дэмжлэгийн үр дүнд амжилттай болсныг онцлон тэмдэглэж, хамтран зохион байгуулсан 13 байгууллагын төлөөлөлд Талархал гардууллаа.

Тэрбээр хүүхдийн эрхийг хамгаалах, хүүхдийн оролцоог дэмжих, үе тэнгийн дээрэлхэлт, ялгаварлан гадуурхлыг бууруулах чиглэлд төр, төрийн бус байгууллага, олон улсын байгууллага, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа онцгой ач холбогдолтойг тэмдэглээд, хүүхэд бүрийн сайн сайхан байдлын төлөө сэтгэл, зүтгэл гарган хамтран ажилласан нийт байгууллага, хамт олонд Хүний эрхийн Үндэсний Комиссын нэрийн өмнөөс талархал илэрхийлэв.
Энэ жилийн “Хүүхэд бүр ялагч – Хүүхэд бүр хамгаалагч” хүүхдийн марафон 2026 арга хэмжээг 2026 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулсан бөгөөд нийслэлд 4,215 хүүхэд бүртгүүлснээс 2,000 гаруй хүүхэд зургаан насны ангиллаар оролцов. Мөн оролцсон хүүхэд бүрт батламж гардуулсан юм.
“Хүүхдийн марафон-2026” арга хэмжээг улсын хэмжээнд 17 аймагт зохион байгуулж, нийт 14,753 хүүхэд оролцож, хурд хүч, авхаалж самбаагаа сорихын зэрэгцээ үе тэнгийнхнээ хамгаалах, зөв харилцаа, эерэг хандлагыг түгээн дэлгэрүүлэх үзэл санаанд нэгдлээ.
Мөн хүүхдийн марафонд оролцогч болон дэмжигч хүүхдүүд өөрсдийн үнэ цэнтэй хүсэл, мөрөөдөл, санал бодлоо “Хүслийн хайрцаг”-т бичиж үлдээсэн бөгөөд нийт 240 хүүхэд захидал, зургаар дамжуулан үзэл бодол, хүсэл мөрөөдлөө илэрхийлжээ.
Тухайлбал, хүүхдүүд:
- эрүүл, аюулгүй, утаа болон орчны бохирдолгүй орчинд амьдрах;
- гэр бүл, сургууль, нийгмийн орчинд аливаа дарамт, хүчирхийллээс ангид, аюулгүй байх;
- насанд хүрэгчид, ялангуяа эцэг эх, асран хамгаалагчид архи, тамхины хэрэглээгээ бууруулж, хүүхдэд зөв үлгэр дуурайл үзүүлэх;
- хүүхдийн үзэл бодлыг сонсож, хүндэтгэн, шийдвэр гаргах үйл явцад оролцуулах;
- эцэг эх, асран хамгаалагчдын хайр халамж, дэмжлэг, анхаарлыг илүү ихээр мэдрэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. Хүүхдийн саналыг нэгтгэн Монгол Улсын Ерөнхий сайд бөгөөд Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүнд хүргүүлэх юм.
