Гомдол
“ЖЕНДЭРИЙН ХАРИУЦЛАГАТАЙ ТӨРИЙН АЛБА” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЖ БАЙНА

“ЖЕНДЭРИЙН ХАРИУЦЛАГАТАЙ ТӨРИЙН АЛБА” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЖ БАЙНА

2026.06.12 92
Сонсох

Төрийн албанд жендэрийн хариуцлагатай, хүртээмжтэй, тэгш оролцоог хангасан хүний нөөцийн бодлого, тогтолцоо, ажлын орчин, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой “Жендэрийн хариуцлагатай төрийн алба” хэлэлцүүлэг өнөөдөр (2026.06.12) болж байна.

Тус хэлэлцүүлгийг Төрийн албаны зөвлөл, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр болон Жендэр сийл хөтөлбөрөөс төрийн байгууллага, их, дээд сургууль, олон улсын байгууллага болон иргэний нийгмийн байгууллагын төлөөллийг оролцуулан зохион байгуулж байгаа бөгөөд төрийн албан дахь жендэрийн өнөөгийн нөхцөл байдал, тулгамдсан асуудал, цаашдын зорилт, хамтын ажиллагааны талаар санал солилцож байгаа юм.

 Арга хэмжээний нээлтийг Төрийн албаны зөвлөлийн дарга Л.Цэдэвсүрэн, НҮБХХ-ийн суурин төлөөлөгч Матилда Димовска нар хийв. Энэ үеэр “Жендэрийн хариуцлагатай төрийн албыг төлөвшүүлэх нь”,  Төрийн албаны “ХНУМТ” цахим системийн ашиглалт, хэрэглээ, Төрийн албан дахь ажлын байрны дарамт, шахалтын нөхцөл байдал, Дэлхийн улс орнуудын сайн туршлага, Монгол Улсын төрийн албаны хувь нэмэр зэрэг сэдвээр илтгэл танилцууллаа. 

 Мөн Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Х.Мөнхзул “Төрийн албан дахь ажлын байрны дарамт, шахалтын нөхцөл байдал” сэдвээр илтгэл тавьж, ажлын байрны дарамт, ялгаварлан гадуурхалтаас урьдчилан сэргийлэх, хүний эрхэд суурилсан ажлын орчныг төлөвшүүлэхийн ач холбогдлыг онцлов.

Тэрбээр дэлхийн тэргүүлэх байгууллагууд хүний эрхэд суурилсан удирдлагын загварыг хэрэгжүүлж байгааг дурдаад, энэхүү загвар нь хүний нэр төрийг хүндэтгэх, ялгаварлан гадуурхахгүй байх, оролцоог хангах, ил тод байдал, хариуцлагыг төлөвшүүлэх зарчимд тулгуурладгийг тодотгов.

Мөн ХЭҮК хөдөлмөрлөх эрхийн асуудлыг Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 16 удаагийн илтгэлдээ тусган, холбогдох санал, зөвлөмжийг Улсын Их Хуралд хүргүүлэн ажилласныг  танилцууллаа.

ХЭҮК-оос 2021 онд хийсэн хөдөлмөрийн хүрээн дэх дарамт, хүчирхийллийн судалгааны үр дүнгээс үзэхэд ажлын байрны дарамт, хүчирхийллийг хүний эрхийн зөрчил гэж үздэг боловч судалгаанд оролцогчдын 80 хувь нь түүнийг хөдөлмөрийн харилцааны бусад зөрчлөөс ялгаж ойлгохгүй байжээ.

Судалгаагаар төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудад ажлын байрны дарамт, хүчирхийлэл нь эрх мэдлийн болон улс төрийн нөлөөлөл бүхий дарамт, үзэл бодлоор дарамтлах, сэтгэл зүйн болон бэлгийн дарамт, кибер дарамт зэрэг хэлбэрээр түгээмэл илэрдэг болохыг дүгнэсэн байна.

Тухайлбал, эрх мэдлийн дарамт нь ажилтны чадвар, боломжид үл нийцэх үүрэг даалгавар өгөх, хувийн амьдралд нь хөндлөнгөөс оролцох, ажлын бус цагаар ажил үүрэг гүйцэтгүүлэх, хувийн ажилд дайчлах, айлган сүрдүүлэх, ажлаас гарах шахалт үзүүлэх зэрэг байдлаар илэрдэг талаар танилцууллаа.

Мөн “Жендэрийн хариуцлагатай төрийн алба ба хамтын ажиллагаа” сэдэвт панел хэлэлцүүлэг өрнөж, төрийн байгууллага, хүний эрх, жендэрийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага, эрдэм шинжилгээний байгууллага болон иргэний нийгмийн төлөөлөл оролцон санал бодлоо солилцов.

Хэлэлцүүлгийн үр дүнд жендэрийн хариуцлагатай төрийн албыг төлөвшүүлэхэд оролцогч талуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, төрийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах чиглэлээр санал, зөвлөмж боловсруулах юм.