Баян-Өлгий аймгийн “Монголын Казахуудын хэл, соёлыг дэмжих холбоо” төрийн бус байгууллагаас Хүний эрхийн Үндэсний Комисст ирүүлсэн гомдлын дагуу Комиссын гишүүний 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 04/01 дүгээр шаардлагыг Боловсролын сайдад хүргүүлсэн. Монгол хэлний тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4 дэх хэсэгт “Суралцагчдын дийлэнх олонх нь өөр хэл бүхий үндэсний цөөнх байвал сургалтыг хос хэлний хөтөлбөрөөр явуулах бөгөөд хос хэлний хөтөлбөрийн агуулгыг батлах” заалтыг 10 гаруй жил хэрэгжүүлээгүй, сургалт явуулах орчин бүрдүүлээгүй нь Казах, Тува хүүхдүүдийн сурч боловсрох эрх зөрчигдөхөд хүргэж байх тул сургалтын чиглэл, хөтөлбөрийг батлах, үе шаттай хэрэгжүүлэх арга хэмжээ авахыг шаардсан юм.

Шаардлагын мөрөөр Боловсролын сайдын 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн А/229 дүгээр тушаалаар “Хос хэлний боловсрол, сургалт зохион байгуулахад баримтлах чиглэл”-ийг баталж, хэрэгжилтийг хангах чиглэлээр холбогдох байгууллагуудад үүрэг, чиглэл өгсөн.
Тус шаардлагын бодит хэрэгжилтийг үнэлэх хяналт шинжилгээний ажлыг Комиссын гишүүн Г.Нарантуяа, Баян-Өлгий аймаг дахь референт Л.Уранчимэг нар 2026 оны 05 дугаар сарын 20, 22-ны өдрүүдэд зохион байгууллаа.
Энэ хүрээнд аймгийн Засаг дарга, Боловсролын газрын дарга Р.Серикбол, Засаг даргын Тамгын газрын боловсролын асуудал хариуцсан мэргэжилтэн Ж.Эльмира, Боловсролын газрын холбогдох мэргэжилтэн, арга зүйчид болон Комисст гомдол гаргасан “Монголын Казахуудын хэл, соёлыг дэмжих холбоо” ТББ-ын төлөөллийг оролцуулсан уулзалт хийж, Өлгий суманд хос хэлний хөтөлбөр хэрэгжүүлж буй Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн үйл ажиллагаатай танилцаж, үр дүн, тулгамдаж буй асуудлыг тодорхойллоо.

Баян-Өлгий аймгийн Боловсролын газраас 17 хос хэлний сургагч багш бэлтгэж, хос хэлээр заах арга зүйн сургалтад 110 багшийг хамруулж, 2025-2026 оны хичээлийн жилээс Цэнгэл суманд Тува хэлээр сургалт явуулдаг 5 дугаар цэцэрлэгийн үйл ажиллагааг эхлүүлсэн байна. Мөн тус газар Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнтэй хамтран хос хэлээр сургалт явуулдаг Ерөнхий боловсролын 3, 5 дугаар сургуулиудад агуулга болон хэлийг интеграцчилан суралцах арга зүйгээр хичээлийг явуулах, сургалтын гарын авлага, толь бичиг боловсруулах ажлыг эхлүүлсэн боловч санхүүгийн дэмжлэг шаардлагатай байгаагаа илэрхийлсэн. Боловсролын яамнаас сургалтын нэгдсэн төлөвлөгөө батлагдаагүй, хичээлийн цагийг зохицуулаагүй нь хүндрэл учруулж байгааг талууд тайлбарлаж байлаа.
Сургалтын төлөвлөгөөг батлуулах болон бусад бодлогын асуудлаар Хүний эрхийн Үндэсний Комисс дэмжлэг үзүүлэх, хос хэлний сургалтын орчин, хэрэглэгдэхүүнийг боловсруулахад орон нутгийн дэмжлэгийг нэмэгдүүлэх талаар ярилцаж, тохиролцлоо.

