Гомдол
Комиссын гишүүний зөвлөмж, шаардлагын хэрэгжилтийг шалгав

Комиссын гишүүний зөвлөмж, шаардлагын хэрэгжилтийг шалгав

2026.05.19 115
Сонсох

 Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Б.Энхболд Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх-457 дугаар нээлттэй, хаалттай хорих анги болон Зэвсэгт хүчний 123 дугаар ангид ажиллаж, өмнө нь хүргүүлсэн зөвлөмж, шаардлагын хэрэгжилтийг газар дээр нь шалгалаа.

 Комиссын 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 07/60 дугаартай гишүүний Зөвлөмжийг газар дээр нь үнэлэн дүгнэж, цаашид баривчлах болон цагдан хорих байрны өрөө, тасалгаанд орчны эрүүл ахуйн шаардлагыг хангах, агаарын солилцоо хийх, баривчлагдсан этгээдэд зориулсан нийгэмшүүлэх албадан сургалтыг зохион байгуулах чиглэл өгч, тулгамдаж буй хүндрэл бэрхшээлтэй асуудлын талаар ярилцлаа.

Түүнчлэн, Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагчдын ажиллах, амьдрах нөхцөл, хөдөлмөрийн аюулгүй байдал, сургалт соён гэгээрлийн үйл ажиллагаа, эрүүл ахуйн орчин, дотоод журам, сахилга хариуцлагын хэрэгжилтийг шалгаж ажиллав. Мөн тус ангийн гал тогооны орчин нөхцөлийг сайжруулах, хугацаат цэргийн албан хаагчдын байранд хяналтын камерыг бүрэн нэвтрүүлэх, алба хаагч болон хугацаат цэргийн албан хаагчдыг дүрмийн бус харилцаанаас урьдчилан сэргийлэх талаар тогтмол хяналт тавьж ажиллах чиг үүргийг өгөв. 

Энэ үеэр Комиссын гишүүн Б.Энхболд тус ангийн удирдах алба хаагчид болон хугацаат цэргүүдтэй зөвлөмж, шаардлагын хэрэгжилт, биелэлтийн талаар ярилцаж, мэдээлэл солилцон, тэдний санал хүсэлт, тулгамдаж буй асуудлуудыг сонсож, газар дээр нь зөвлөмж, чиглэл өгч ажилласан бөгөөд зөвлөмжийн хэрэгжилтийн талаар санал солилцов.