Гомдол
Цахим хөгжлийн бодлого, хууль тогтоомжийг хүний эрхийн зарчимд нийцүүлэх шаардлагатай байна

Цахим хөгжлийн бодлого, хууль тогтоомжийг хүний эрхийн зарчимд нийцүүлэх шаардлагатай байна

2026.05.14 236
Сонсох

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс “Хүний эрх ба цахим технологи” сэдэвт олон нийтийн хяналт шалгалтын (ОНХШ) тайлангийн танилцуулгыг өнөөдөр зохион байгуулж, цахим технологийн хөгжилтэй холбоотой хүний эрхийн нөхцөл байдал, эрсдэл, цаашид хэрэгжүүлэх бодлого, арга хэмжээний талаар танилцууллаа.

Олон нийтийн хяналт шалгалтыг үндэсний болон олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн эрдэмтэн, судлаачдын багийг бүрдүүлэн явуулж, үр дүнг асуудал тус бүрээр холбогдох салбарын мэргэжилтнүүдээр хэлэлцүүлсэн юм.

Үйл ажиллагааны нээлтийн үеэр Комисссын дарга Д.Сүнжид Комисс энэхүү ОНХШ-ыг 2023-2025 онд хэрэгжүүлсэн бөгөөд цахим хөгжлийн бодлого, түүний хэрэгжилт хүний эрхийн зарчимд нийцэж байгаа эсэх, хүний хувийн мэдээлэл хамгаалах тогтолцоо, шинээр нэвтэрч буй технологийн эрсдэлийг үнэлэх зорилгоор явууллаа.

 Хяналт шалгалтаар 11 салбарын 40 орчим асуудлыг хамруулсан. Үүнд хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн хэрэгжилт, И-Монгол системийн хүртээмж, хиймэл оюуны бодлого, олон нийтийн сүлжээний зохицуулалт, цахим орчин дахь жендерт суурилсан хүчирхийлэл, эрүүл мэндийн салбарын цахимжилт, хяналтын камерын хэрэглээ, цагдаагийн байгууллагын мэдээллийн сан зэрэг асуудлыг судалж, үнэллээ.

Өргөн цар хүрээтэй хяналт шалгалтыг хийхэд дотоод, гадаадын болон олон улсын байгууллагууд, судлаач, мэргэжилтнүүдийн дэмжлэг, оролцоо чухал байлаа. Тиймээс та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье гээд  НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссар Фолькер Түрк Монгол Улсад айчлахдаа цахим эрүүл мэндийн үйлчилгээ болон нийгмийн хамгааллын систем дэх хүний эрх, хувийн өгөгдлийг хамгаалах чиглэлээр Хүний эрхийн Үндэсний Комиссоос хийж буй ажлыг сайшааж байгаагаа илэрхийлснийг онцоллоо.

ОНХШ-ын хүрээнд цахим шилжилт эрчимжихийн хэрээр хүний эрхийн зөрчил, эрсдэл илүү нарийн төвөгтэй, үл үзэгдэх шинжтэй болж байгааг онцолсон байна. Тухайлбал, хүний хувийн мэдээллийг хэт ихээр цуглуулах, зориулалтаас өөрөөр ашиглах, автоматжсан шийдвэр гаргалт ил тод бус байх, алгоритмд суурилсан шийдвэр хүний хяналтгүй хэрэгжих эрсдэл нь ялгаварлан гадуурхалт, шударга бус нөхцөл үүсгэж болзошгүйг тайланд дурджээ.

Мөн цахим хөгжлийг зөвхөн технологийн дэвшил бус, төр ба иргэний харилцааны чанарын өөрчлөлт гэж үзэх шаардлагатайг тэмдэглэсэн байна. Иргэд төрийн байгууллагатай уламжлалт байдлаар бус, өгөгдөл, платформ, алгоритм, баталгаажуулалтын системээр дамжин харилцаж буй өнөөгийн нөхцөлд хүний эрхийн баталгааг бодлого, хууль, хэрэгжилтийн түвшинд хангах шаардлага нэмэгдэж буйг Комисс онцоллоо.

Комиссын гишүүн, хууль зүйн доктор Г.Нарантуяа илтгэлдээ “Цахим технологийн сөрөг нөлөөллөөс хүнийг хамгаалах Монгол Улсын бодлого эрх зүйн зохицуулалт эхлэл төдий, тунхгийн шинжтэй, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, зөрчигдсөн эрхийг сэргээх механизм сул байгааг энэхүү тайлангаас харж болно. Цахим технологийн хөгжил Монгол Улсад үр өгөөжөө өгч байгааг ч мөн баримт илтгэж байна гэв.

 Хяналт шалгалтын үр дүнд цахим хөгжлийн бодлого, хууль тогтоомжийг хүний эрхийн зарчимд нийцүүлэх, хүний хувийн мэдээлэл хамгаалах эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хиймэл оюун болон алгоритмд суурилсан шийдвэр гаргалтад хүний хяналт, ил тод байдлыг хангах, цахим үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, хүний эрхэд суурилсан цахим шилжилтийн бодлогыг хэрэгжүүлэх зэрэг зөвлөмж боловсруулсан тухайгаа тодотгов. Түүнчлэн НҮБ-ын Хувийн нууцын тусгай илтгэгч доктор Ана Брайан Нугресисын Монгол Улсад хийсэн айлчлалын тайлан, зөвлөмж болон Улсын Их Хурлын 2025 оны 77 дугаар тогтоолд туссан чиглэлүүдтэй уялдуулан цаашид цахим хөгжлийн бодлого, эрх зүйн орчныг хүний эрхэд нийцүүлэн шинэчлэх шаардлагатайг хэлэлцүүлгийн үеэр тодотгов. “Технологийн хөгжил бол зөвхөн инженерчлэл, инновацийн асуудал биш, хүний эрх, хүний мөн чанарын асуудал” болохыг онцлов.

Хүний хувийн мэдээллийг хамгаалах үйл ажиллагааг хариуцсан Комиссын гишүүний хувиар “Хүний эрх ба цахим технологи” олон нийтийн хяналт шалгалтыг удирдан явуулах өндөр үүрэг, хариуцлага байлаа гээд цахим эринд Монгол хүн өгөгдөл бус, технологийн эзэн нь байхад, Монгол Улс “хүн төвтэй” цахимжиж, ардчилал, эрх чөлөөгөө бэхжүүлэхэд бодит хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байна.

Гэхдээ хүнийг хамгаалах, технологийг хөгжүүлэх нь эсрэгцэх эрх ашиг, үл нийцэх зам биш юм. Нухацтай мэдэж, оновчтой төлөвлөж, хүнд ээлтэй хөгжүүлж, хэрэглэж чадах аваас нийгмийн баялгийг үр ашигтай, шударга хуваарилах, хүний амьдралыг илүү ая тухтай, чанартай, хүртээмжтэй, аюулгүй болгоход цахим технологи чухал үүрэгтэй хэмээв.

 ОНХШ-ын тайлангийн танилцуулгад 200 гаруй хүн оролцсон бөгөөд “Хүний эрх ба цахим технологи бодлого шийдэл” хэлэлцүүлэгт пеналистаар ХЭҮК-ын гишүүн Хууль зүйн доктор Г.Нарантуяа, УИХ-ын гишүүн Инноваци, цахим бодлогын хөгжлийн дэд хорооны дарга Ч.Анар, Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Мягмарнаран, Ерөнхий сайдын Засаглал, цахим бодлогын зөвлөх С.Тэнгис нар оролцож, модератороор “The media show” платформын санаачлагч Ж. Хулан ажиллав.

“Хүний эрх ба цахим технологи” олон нийтийн хяналт шалгалтын үр дүнд үндэслэн, Монгол Улсын Үндсэн хууль, хууль, олон улсын гэрээгээр баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөөний хэрэгжилтийг хангах, холбогдох бодлого, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох зорилгоор Комиссын бүрэн эрхийн хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайдад зөвлөмж хүргүүлж байгаа юм.