Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дэргэдэх Хүний эрх хамгаалагчийн хорооны гишүүдийн бүрэн эрх 3 жилийн хугацаатай байдаг. Энэ удаад Хороо шинэчлэгдсэн бүрэлдэхүүнтэйгээр 2026 оны 1 дүгээр улирлын ээлжит хуралдаанаа зохион байгууллаа.

Тус хуралдаанд Комиссын Хүний эрх хамгаалагчийн асуудал эрхэлсэн гишүүн, Хорооны дарга С.Дондов, гишүүн Б.Баяраа, Г.Халиун, Д.Ганбаяр, Б.Пүрэвсүрэн, Б.Энхцэцэг, Хүний эрх хамгаалагчийн хэлтсийн дарга Б.Эрдэнэбат, референт Д.Мөнхтуяа, Ц.Рэнцэндулам, ахлах мэргэжилтэн А.Балдангомбо нар оролцов.Хуралдаанаар 2026 оны эхний улиралд иргэдээс ирүүлсэн гомдол мэдээллүүдийн шийдвэрлэлтийн явцтай танилцаж, 4 гомдлыг хэлэлцэж, гомдол тус бүртэй холбоотой гүйцэтгэсэн ажиллагааны талаар мэдээлэл сонсож, цугларсан баримт, мэдээллийг хэлэлцэн, хүний эрх хамгаалагчийн эрх зөрчигдсөн эсэх талаар дүгнэлт гаргах асуудлыг шийдвэрлэлээ.

Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д Хүний эрхийн Үндэсний Комиссын дэргэд Хүний эрх хамгаалагчийн хороо ажиллахаар хуульчилсан бөгөөд энэ хороо нь хүний эрх хамгаалагчийн эрх зөрчигдсөн эсэх талаар дүгнэлт гаргах чиг үүрэгтэй, орон тооны бус бие даасан механизм юм.Хүний эрх хамгаалагчийн хороо нь гомдол, мэдээллийг хүлээн аваад холбогдох нотолгоо, баримтыг цуглуулж, хамгаалалтын хэрэгцээг тодорхойлдог.

Мөн эрсдэлийн үнэлгээ хийж, дүгнэлт гарган Комисст хүргүүлэхээс гадна хуулийн хэрэгжилт болон хүний эрх хамгаалагчийн нөхцөл байдалд хяналт шинжилгээ, судалгаа хийж, жил бүрийн Хүний эрх, эрх чөлөөний байдлын илтгэлд санал тусгуулахаас гадна гомдол, мэдээллийн сан бүрдүүлэх зэрэг чиг үүргийг хэрэгжүүлдэг юм.Хэрэв та хүний эрх, эрх чөлөөг хөхиүлэн дэмжих, эсхүл хүний эрх зөрчигдсөн үйлдэл, эс үйлдэхүйн эсрэг хүчирхийллийн бус, тайван аргаар үзэл бодлоо илэрхийлсний төлөө эрх нь зөрчигдсөн гэж үзвэл Хүний эрхийн Үндэсний Комисст, эсхүл Хүний эрх хамгаалагчийн хороонд гомдол гаргах боломжтой.