Гомдол
МОНГОЛ УЛС ДАХЬ ХҮНИЙ ЭРХ, ЭРХ ЧӨЛӨӨНИЙ БАЙДЛЫН ТАЛААРХ 25 ДАХЬ ИЛТГЭЛИЙГ УИХ-Д ХЭЛЭЛЦҮҮЛЭХЭЭР ХҮРГҮҮЛЛЭЭ

МОНГОЛ УЛС ДАХЬ ХҮНИЙ ЭРХ, ЭРХ ЧӨЛӨӨНИЙ БАЙДЛЫН ТАЛААРХ 25 ДАХЬ ИЛТГЭЛИЙГ УИХ-Д ХЭЛЭЛЦҮҮЛЭХЭЭР ХҮРГҮҮЛЛЭЭ

2026.03.30 72
Сонсох

      Хүний эрхийн Үндэсний Комисс Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 25 дахь илтгэлээ 2026.03.30-ны өдөр Монгол Улсын Их Хуралд өргөн барилаа.

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.12, 9 дүгээр зүйлийн 9.1, 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт заасны дагуу Хүний эрхийн Үндэсний Комисс  Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлийг жил бүрийн эхний улиралд багтаан Улсын Их Хуралд хүргүүлдэг.

Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлийг УИХ-ын чуулганаар хэлэлцэн УИХ-ын тогтоол баталж, хэрэгжүүлэх чиг үүргийг Засгийн газарт даалгадаг юм.

25 дахь илтгэлийг Комиссын хийсэн хяналт шалгалт, иргэдээс Комисст ирүүлсэн гомдол, мэдээлэл, Комиссын гишүүний шаардлага, зөвлөмжийн хэрэгжилт, судалгаа, дүн шинжилгээ, төрийн болон бусад байгууллагын холбогдох мэдээлэлд үндэслэн боловсруулж, 6 бүлгийн хүрээнд 65 саналыг танилцуулж байна. Үүнд:

  • Эрүүл мэндээ хамгаалуулах, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах эрхийн хэрэгжилт; Шүүх шинжилгээ ба хүний эрх;
  • Олон нийтийн мэдэх эрхийн төлөв байдал;
  • Хүний эрх хамгаалагчийн эрхийн хэрэгжилт;
  • Хүүхэд хамгааллын тогтолцооны анхаарах зарим асуудал;
  • Жендэрийн эрх тэгш байдлыг хангахад эрэгтэйчүүдэд тулгамдсан асуудал.
  • Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 25 дахь илтгэлийн агуулгыг бүлэг тус бүрээр тоймловол:

Нэгдүгээр бүлэг. Эрүүл мэндээ хамгаалуулах, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах эрхийн хэрэгжилт

Эрүүл мэнд нь хувь хүн, өрх, гэр бүл, нийгэм, улс үндэстний хувьд ач холбогдолтой, тогтвортой хөгжлийг хангахад улс орны тэргүүлэх суурь асуудал юм.  

Монгол Улс хүний эрүүл мэндийн эрхийн суурь үзэл баримтлал, холбогдох олон улсын гэрээ, конвенцыг хүлээн зөвшөөрч, соёрхон баталснаар хүний биеийн болоод сэтгэцийн эрүүл мэндийн боломжит дээд хэмжээнд амьдрах эрхийн тунхаглалд нэгдэж бүх нийтийн эрүүл мэндийг хамгаалах, иргэнд шаардлагатай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хүргэх үүргийг төрөөс хүлээсэн билээ.  

Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан энэхүү эрх нь шаардлагатай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд тэгш, саадгүй хамрагдах боломжийг илэрхийлэхээс гадна хүний эрүүл аж төрөх нөхцөлийг цогцоор нь бүрдүүлэх ундны ус, ариун цэврийн орчин, хүнсний аюулгүй байдал, зохистой орон байр, хөдөлмөрийн болон хүрээлэн буй орчны эрүүл, аюулгүй байдал зэрэг өргөн хүрээний агуулгыг хамаардаг.  

Эрүүл мэндээ хамгаалуулах, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах эрхийг бодитой хэрэгжүүлэхэд талуудын оролцоог хангах, хариуцлагын механизм чухал үүрэгтэй  бөгөөд Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд иргэний эрүүл амьдрах нөхцөлийг бүрдүүлэхээр тусгаж, холбогдох хууль тогтоомж, бодлого, хөтөлбөрт хүн амын эрүүл мэндийг хамгаалах, дэмжих тодорхой зорилтуудыг дэвшүүлж, 2021 оноос нэг худалдан авагчийн тогтолцоонд шилжин томоохон өөрчлөлтийг хэрэгжүүлж байгаа хэдий ч зорилт, үр дүнгийн зөрүү байсаар байна.  

Хоёрдугаар бүлэг. Шүүх шинжилгээ ба хүний эрх

Шүүх шинжилгээний байгууллага нь шинжлэх ухаан, технологийн хөгжилд тулгуурлан нийгэмд шударга ёсыг бэхжүүлэх, хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, аливаа хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжлэх ухааны үндэслэлтэй, хараат бусаар дүгнэлт гаргаж, хэрэг маргааныг шийдвэрлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг салбар юм.

Монгол Улсад шүүхээр шийдвэрлэгдсэн дийлэнх хэрэг, ялангуяа хүний амь нас болон эрүүл мэндэд хохирол учирсан, бэлгийн хүчирхийллийн болон авто тээврийн гэмт хэрэг, зөрчилд шинжээчийн дүгнэлтийг заавал гаргаж, тус дүгнэлтэд үндэслэн хэргийг эцэслэн шийдвэрлэдэг практик нэгэнт тогтжээ. Эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр шинжилгээ хийх үйл ажиллагаа нь Монгол Улсын Үндсэн хууль, хууль, олон улсын гэрээгээр баталгаажуулсан хүний халдашгүй, чөлөөтэй байх, эрүү шүүлт, хүнлэг бус харьцаанаас ангид байх, хувийн мэдээллээ хамгаалуулах, хохирлоо нөхөн төлүүлэх, шударгаар шүүлгэх, нотлох баримтаа шалгуулах зэрэг үндсэн эрхийг хөнддөг эмзэг асуудал юм.

Тус бүлэгт шүүх шинжилгээнд хүний эрхийг хангаж буй байдал, шүүх шинжилгээний байгууллагын алба хаагчдын хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилт гэсэн агуулгыг авч үзсэн ба шүүх шинжилгээнд хамаарах асуудлыг бүхэлд нь тусгаагүй болохыг онцлон тэмдэглэж байна.

Гуравдугаар бүлэг. Олон нийтийн мэдэх эрхийн төлөв байдал

Монгол Улсад мэдээлэл хайх, хүлээн авах эрх нь Монгол Улсын Үндсэн хууль болон олон улсын гэрээгээр баталгаажсан, ардчилсан засаглал, төрийн ил тод байдал, олон нийтийн хяналтыг хангах суурь эрх юм. Уг эрхийг хэрэгжүүлэх хүрээнд сүүлийн жилүүдэд эрх зүйн орчин, институцийн тогтолцоо тодорхой хэмжээнд бүрдэж, мэдээллийг ил болгох хүрээ, ил тод байдлын үзүүлэлтүүд ахицтай өөрчлөгдөж байна. 

Гэвч бодит хэрэгжилтийн түвшинд мэдээллийн ил тод байдал нь “хэлбэр”-ийн шинж давамгайлж, мэдээллийн чанар, хүртээмж, бодит хэрэглээ хангалтгүй хэвээр байна. Түүнчлэн мэдээллийн ангилал, нууцлалын зохицуулалтын уялдаа сул, нууцын хүрээ өргөн, тодорхой бус байгаа нь мэдээллийг дур мэдэн нууцлах, улмаар олон нийтийн мэдэх эрхийг хязгаарлах эрсдэлийг бий болгож байна. Мөн мэдээлэл авах хүсэлтийг шийдвэрлэх, татгалзсан шийдвэрийг хянан шалгах, хариуцлага тооцох механизмын үр нөлөө сул байгаа нь эрх зөрчигдсөн тохиолдолд үр дүнтэй хамгаалалт бүрдэхгүй байгааг харуулж байна. 

Дөрөвдүгээр бүлэг. Хүний эрх хамгаалагчийн эрхийн хэрэгжилт

Монгол Улс 2021 онд Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг баталж, хүний эрх хамгаалагчийн үйл ажиллагаа явуулах эрх зүйн орчныг бүрдүүлснээр нийгэмд хүний эрх хамгаалагчийн эрхийн мэдлэг, ойлголт дээшилж эерэг үзүүлэлт гарч байна. Хэдийгээр эрх зүйн орчин бүрдсэн боловч Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан төрийн байгууллага, албан тушаалтан, хуулийн этгээдийн нийтлэг үүргийн хэрэгжилтийг нэгдсэн удирдлагаар хангах, эрсдэл учирсан хүний эрх хамгаалагчийг хойшлуулшгүй хамгаалалтад авах төрийн байгууллагын үйл ажиллагааг боловсронгуй болгох, тэдэнд хууль, эрх зүй, сэтгэл зүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх тогтолцоог бий болгох асуудал тулгамдаж байна.

Комисс санаачлан “Хүний эрх хамгаалагчийн үйлдлийг хамгаалах зохицуулалтыг төрийн байгууллагын дотоод журамд тусгаж, хэрэгжилтийг хангах, сургалт зохион байгуулах нийтлэг үүргийг хэрэгжүүлэх аргачлал”-ыг боловсруулж, Төрийн албаны зөвлөлтэй хамтран төрийн байгууллагуудад хүргүүлж энэ чиглэлээр сургалт, нөлөөллийн ажлыг тогтмол зохион байгуулахын зэрэгцээ Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй олон мянган (5-6 мянга) төрийн байгууллага, төрийн албан хаагчдад хүрч ажиллахыг зорьж байна.

Тавдугаар бүлэг. Хүүхэд хамгааллын тогтолцооны анхаарах зарим асуудал

Монгол Улс хүүхэд хамгааллын тогтолцооны эрх зүйн орчныг сайжруулах, үйлчилгээ, бүтэц, санхүүжилтийг нэмэгдүүлэх зэрэг чиглэлээр тодорхой ахиц дэвшил гаргаж байгаа хэдий ч хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх чиг үүрэг бүхий зарим бүтэц, нэгжийн үйл ажиллагаа хэлбэр төдий явагдаж, үйлчилгээний чанар, хүртээмж, үр дүн хангалтгүй байна.

Комисс ээлжит 25 дахь илтгэлдээ хүүхэд хамгааллын тогтолцооны бүрэлдэхүүн хэсэг болох Хүүхдийн төлөө үндэсний болон орон нутгийн зөвлөл, хүүхдийн эрхийн улсын байцаагч, 108 хүүхдийн шуурхай тусламж, хамгааллын төв, хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтан, хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газраас томилогддог шинжээч, хууль ёсны төлөөлөгч, Хүүхдийн эрхийн хууль зүйн хороо, Хамтарсан баг, Түр хамгаалах байр, Нэг цэгийн үйлчилгээний төвийн үйл ажиллагаатай холбоотой дүн шинжилгээ хийж, тулгамдаж буй асуудлуудыг тодорхойлон дүгнэлт, санал, зөвлөмжийг танилцуулж байна.

Зургаадугаар бүлэг. Жендэрийн эрх тэгш байдлыг хангахад эрэгтэйчүүдэд тулгамдсан асуудал

Жендэрийн эрх тэгш байдал нь тогтвортой хөгжлийн чухал зорилтуудын нэг бөгөөд энэ нь зөвхөн эмэгтэйчүүдийн асуудал биш, бүх хүний эрхийн асуудал юм.

Гэвч сүүлийн жилүүдэд эрэгтэйчүүдийн дунд эрүүл мэнд, нийгмийн сөрөг үзүүлэлтүүд нэмэгдэж, амиа хорлолт, донтолт, осол гэмтэл, эрсдэлт зан үйлийн түвшин буурахгүй хэвээр байгаа ч зарим асуудал нь “харагдахгүй”, “яригдахгүй”, “бодлогод бүрэн тусахгүй” байсаар байна.

Энэ нь зөвхөн хувь хүний асуудал бус нийгмийн хүлээлт, жендэрийн хэвшмэл ойлголт, нийгэм, эдийн засгийн олон хүчин зүйлсийн нөлөөгөөр тодорхойлогдож байна.