Гомдол
Төрийн албан хаагчид хүний эрх хамгаалагчийг хамгаалах чиглэлээр чадавхаа бэхжүүлж байна

Төрийн албан хаагчид хүний эрх хамгаалагчийг хамгаалах чиглэлээр чадавхаа бэхжүүлж байна

2026.04.01 122
Сонсох

Өнөөдөр (2026.04.01) Стандарт, хэмжил зүйн газрын хүсэлтийн дагуу “Хүний эрх хамгаалагчийг хамгаалах тогтолцоо” сэдвээр  Комиссын Хүний эрх хамгаалагчийн хэлтсээс сургалт зохион байгууллаа.

Хүний эрх хамгаалагчийн хэлтсийн дарга Б.Эрдэнэбат “Хүний эрх хамгаалагчийг хамгаалах механизм”, Сургалт, сурталчилгаа, хамтын ажиллагаа хариуцсан ахлах мэргэжилтэн А.Балдангомбо “Хүний эрх хамгаалагчийн үйлдлийг хамгаалах зохицуулалтыг дотоод журамд тусгах аргачлал” сэдвээр мэдээлэл өгч, оролцогчдын асуултад хариулав.

Сургалтын үед Стандарт, хэмжил зүйн газрын Захиргаа удирдлагын хэлтсийн дарга Б.Ууганбаяр “Хүний эрхэд суурилсан төрийн үйлчилгээ үзүүлэх нь бидний зорилт бөгөөд ажилтнуудын хүний эрхийн боловсролыг дээшлүүлэх, цаашид хөдөлмөрийн дотоод журамд хүний эрх хамгаалагчийг хамгаалах зохицуулалтыг тусгаж ажиллах нь чухал ач холбогдолтой” хэмээн онцлов.

 Тус сургалтад танхимаар 35 алба хаагч, салбарын хэмжээнд 21 аймаг, 9 дүүргийн нийт 500 гаруй албан хаагч цахимаар хамрагдсан бөгөөд тэд хүний эрх хамгаалагчийн эрх, төрийн байгууллага, албан тушаалтны үүрэг, дотоод журамд хамгаалах зохицуулалтыг хэрхэн тусгах аргачлал зэрэг сэдвээр мэдлэг, ойлголтоо гүнзгийрүүллээ.

Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлд төрийн байгууллага, албан тушаалтан, хуулийн этгээдийн нийтлэг үүргийг хуульчилсан байдаг. Мөн ХЭҮК-оос 2026 онд Улсын Их Хуралд хүргүүлсэн 25 дахь илтгэлийн IV бүлэгт “Хүний эрх хамгаалагчийн эрхийн хэрэгжилт, төрийн үүрэг” сэдвээр судалгаанд тулгуурласан зөвлөмж, саналыг тусгасан болно.

Холбоос: https://nhrcm.gov.mn/#/page/7/post/view/6632 /