Гомдол
Хүний эрхийн боловсролыг хүүхдэд бага наснаас нь олгох чиглэлээр Хүүхдийн төв номын сантай хамтын ажиллагаа эхлүүллээ

Хүний эрхийн боловсролыг хүүхдэд бага наснаас нь олгох чиглэлээр Хүүхдийн төв номын сантай хамтын ажиллагаа эхлүүллээ

2026.03.17 133
Сонсох

Хүний эрхийн Үндэсний Комисс хүүхэд, багачуудад хүний эрх, үүргийн талаарх мэдлэг, ойлголтыг бага наснаас нь олгох зорилгын хүрээнд Хүүхдийн төв номын сантай хамтран “Хүний эрхийн боловсролын булан”-г өнөөдөр (2026.03.17) нээлээ.

Цаашид Комиссын зүгээс хүний эрхийн боловсрол, соёлын олон талт арга хэмжээг дэмжин хамтран хэрэгжүүлэх, хүүхдийн эрх, хүний эрхийн сургалтыг тогтмол зохион байгуулах, ном, гарын авлага, судалгаа, мэдээллийн санг баяжуулах чиглэлээр хамтран ажиллахаар болов.

Энэхүү хамтын ажиллагаа нь хүний эрх, үүргийн талаарх мэдлэгийг бага наснаас нь олгох,  насанд хүрэгчдийн эрх зүйн ойлголтыг дээшлүүлэх, улмаар номын санг хүний эрхийн боловсролын төв болгон хөгжүүлэхэд бодит хувь нэмэр оруулах ач холбогдолтой юм.

Нээлтийн үеэр ХЭҮК-ын дарга Д.Сүнжид хэлэхдээ: “Эрх, үүргээ мэддэг хүүхэд өөрийгөө хамгаалж, бусдыг хүндэтгэж  чаддаг. 

Цаашид Хүний эрхийн Үндэсний Комиссын зүгээс тус номын сантай хамтран улирал тутам хүний эрхийн сургалт, танин мэдэхүйн арга хэмжээг тогтмол зохион байгуулж, хүүхэд, өсвөр үеийнхэнд хүний эрх, эрх зүйн боловсролыг олгох олон төрөл, хэлбэрийн ажлыг дэмжинэ.

Мөн хүүхдүүдэд багаас нь хүний эрхийн мэдлэг олгох чиглэлд санаачилгатай ажиллаж буй Хүүхдийн төв номын сангийн удирдлага, хамт олонд талархал илэрхийлье” хэмээн онцоллоо.

Нээлтийн үйл ажиллагаанд уншигч хүүхдүүд оролцсон бөгөөд номын сангаас уламжлал болгон олгодог “Эртэч уншигч” шагналыг Ерөнхий боловсролын 130-р сургуулийн сурагч Д.Бат-Итгэл, М.Дамдиндорж нарт гардууллав.

Эртэч уншигч шагнал гардан авсан сурагч Д.Бат-Итгэл: “Хүүхэд бидний  хөгжих чөлөөт цагаараа суух боломжтой цөөхөн газрын нэг бол номын сан байдаг.  Гэр, сургуульд ойрхон номын сан олон байвал бидэнд ашигтай. Хотын захаар бол номын сан бүр байхгүй. Жишээ нь миний хувьд сургууль маань Хүүхдийн төв номын сантай ойрхон, хажууханд нь байдаг болохоор энд ирэх дуртай. Үүнийг томчууд анхааралдаа авч, номын санг олон болгоосой гэж хүсэж байна” хэмээн хүсэлтээ илэрхийллээ.

 Хүүхдийн төв номын сангийн захирал С.Хүрэлбаатар шагнал гардуулахдаа, “Хүний эрхийн боловсролын буланд хүн бүрийн аюулгүй байдал, бие биенээ хүндэтгэх, хайрлах, бусдыг дээдлэх соёл, өөрийгөө хамгаалах мэдлэг багтсан.

Энэхүү буланг хүүхдүүд та бүхний санал, хүсэлтийн дагуу цаашид улам бүр тохижуулж хөгжүүлэх болно. Хүний эрхийн боловсролын булан нь зөвхөн мэдээлэл өгөх орчин бус, сургалт, хэлэлцүүлэг өрнүүлэх, харилцан суралцах, хөгжих боломжийг бүрдүүлсэн нээлттэй орон зай юм” гэлээ.

“Хүний эрхийн боловсролын булан”-г нээснээр тус номын сангийн уншигч хүүхдүүдийн хүний эрхийн талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, эрхээ хамгаалах, бусдыг хүндэтгэх хандлагыг төлөвшүүлэх боломж бүрдэж байгаа юм.