Гомдол
“Хэвшмэл ойлголтоо өөрчилье” уриатай Баяр уу, Эрх үү? нөлөөллийн аяныг ХЭҮК дэмжин ажиллаж байна

“Хэвшмэл ойлголтоо өөрчилье” уриатай Баяр уу, Эрх үү? нөлөөллийн аяныг ХЭҮК дэмжин ажиллаж байна

2026.03.03 76
Сонсох

Өнөөдөр (2026.03.03) Олон Улсын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтан “Хэвшмэл ойлголтоо өөрчилье” уриатай “Баяр уу? Эрх үү? нөлөөллийн аяны нээлт Төрийн ордонд боллоо.  

         

  • Аяныг Гэрэл медиа групп, Зөвийг шүгэлдэгчид ТББ санаачлан эхлүүлж, Хүний эрхийн Үндэсний Комисс, ЖҮХ дэмжиж, хамтран зохион байгуулж байна.  Нээлтэд Хүний эрхийн Үндэсний комиссын гишүүн Х.Мөнхзул оролцов.
  • Хүний эрхийн зөрчлийг өөгшүүлдэг нийгэмд гүн суусан, түгээмэл хэрэглэгддэг, хэвшмэл ойлголтыг өөрчлөх, хэвшмэл хэллэг, хандлага, ойлголтуудыг олон нийтэд ил гарган мөн чанарыг эргэцүүлэхэд уриалах, улмаар хүн бүрийг хүйсээр бус чадвар, сонголт, үнэ цэнээр нь үнэлдэг хандлага төлөвшүүлэх нийгэм соёлын орчныг бүрдүүлэх зорилгоор “1000 эмэгтэй, 1000 амьдрал” нийгмийн хэлэлцүүлгээр тус аян эхэлж байгаа юм.
  • Энэхүү аян “Эмэгтэйчүүдийн эрхийн асуудлаарх агуулгын шинжилгээ, чанарын судалгаа”-ны үр дүнг олон нийтэд ойлгомжтой хэлбэрээр түгээх,
  •  Үндэсний хэмжээний 30 хоногийн нөлөөллийн кампанит ажлыг зохион байгуулах,
  •  Эмэгтэйчүүдийн эрх, тулгамдсан асуудал болон хэвшмэл ойлголтуудыг засах талаар олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой юм.

Эмэгтэйчүүдийн талаарх хэвшмэл ойлголт нь зөвхөн хувь хүнийг бус, нийгмийн хөгжлийг бүхэлд нь хязгаарладаг. Монгол эмэгтэйчүүд өнөөдөр хүн амын 51.3 хувийг бүрдүүлж, дээд боловсролтой иргэдийн 60 орчим хувийг эзэлж (ҮСХ, 2025), ажиллах хүчний оролцооны түвшнээрээ (монгол эмэгтэйчүүд: 53.1%) дэлхийн дунджаас (48.7%) өндөр үзүүлэлттэй (ILO,2025) байгаа ч энэхүү давуу байдал нь бодит эрх мэдэл, эдийн засгийн өгөөж болон бүрэн хөрвөж чадахгүй хэвээр байна.

Үүний зэрэгцээ эмэгтэйчүүдийн дундаж цалин эрэгтэйчүүдээс 15-20 хувиар бага, парламент дахь оролцоо 25 хувьд хүрэхгүй, харин гэр бүлийн болон жендэрт суурилсан хүчирхийллийн хохирогчдын 80 гаруй хувийг эмэгтэйчүүд эзэлж байгаа нь тэгш бус байдал Монголд системийн шинжтэй хэвээр байгааг илтгэнэ.

"Гэр бүлээс эхлээд нийгмийн амьдрал, цаашлаад шийдвэр гаргах үйл явцад эмэгтэйчүүдийг гүйцэтгэгч, нөхөн үржихүйн объект, хоёрдогч мэтээр харах нийгмийн хэвшмэл ойлголт нь эмэгтэйчүүд нийгэмд тэгш боломжоор хангагдах, ажлын талбар дээрх шударга өрсөлдөөн, гэр бүл дэх эн тэнцүү оролцоо зэргийг хязгаарладаг. Иймд эмэгтэйчүүдийн эрх тэгш байдлыг зөвхөн нийгмийн асуудал бус, Монгол Улсын хөгжлийн чанарыг тодорхойлох стратегийн үндсэн хүчин зүйл гэж харах нь өнөөдрийн хамгийн чухал сонголт юм" гэдгийг зохион байгуулагчид онцоллоо.

 #Баяр ууЭрх үү?

#ХэвшмэлОйлголтооӨөрчилье

#ҮйлдэлБолЖинхэнэХүч