Гомдол
Хүний эрхийн Үндэсний Комиссын дэргэдэх Хүний эрх хамгаалагчийн хорооны шинээр томилогдсон гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа.

Хүний эрхийн Үндэсний Комиссын дэргэдэх Хүний эрх хамгаалагчийн хорооны шинээр томилогдсон гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа.

2026.02.28 207
Сонсох

Сургалтад Комиссын Хүний эрх хамгаалагчийн асуудал эрхэлсэн гишүүн С.Дондов, Хүний эрх хамгаалагчийн хорооны гишүүнээр 2022 оноос 2025 оны хооронд ажилласан Л.Баасанжав, Ц.Отгонтунгалаг, Ч.Ундрах, Э.Сундуй, Ч.Өнөржаргал нар оролцож өөрсдийн зүгээс Хүний эрх хамгаалагчийн хорооны гишүүнд иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг шалгаж шийдвэрлэх процесс ажиллагаа,  Үндсэн хууль бусад хууль тогтоомж, олон улсын гэрээ конвенцыг судалж түүнд нийцүүлэн хүний эрх хамгаалагчийн эрх зөрчигдсөн эсэх талаар дүгнэлт боловсруулах, цаашид анхаарч ажиллах талаар туршлага, мэдээлэл хуваалцлаа.  

Мөн Хүний эрх хамгаалагчийн хэлтсийн Гомдол, мэдээлэл хариуцсан референт Д.Мөнхтуяа Хүний эрх хамгаалагчийн хорооны гомдол, мэдээлэл шийдвэрлэх үйл явц, эрсдэлд орсон хүний эрх хамгаалагчид хийх эрсдэлийн үнэлгээ, дүгнэлт гаргах ажиллагааны явцын талаар, Сургалт, сурталчилгаа хамтын ажиллагаа хариуцсан ахлах мэргэжилтэн А.Балдангомбо Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж гарсан Хүний эрх хамгаалагчийн хорооны ажиллах журам болон холбогдох бусад эрх зүйн баримт бичгийн талаар  мэдээлэл өгсөн юм.

Комиссын дэргэд Хүний эрх хамгаалагчийн хороо байгуулагдсан цагаас хойш 14 дүгнэлт гаргаж, хүний эрх хамгаалагчийн хүний эрх, эрх чөлөөг зөрчиж болзошгүй гэж үзэж шалтгаан, нөхцөлийг арилгуулах 23 зөвлөмжийг боловсруулахад хамтран ажилласан байна.   

Комиссын гишүүн С.Дондов шинээр томилогдсон гишүүдэд баяр хүргэж хэлсэн үгэндээ “Хүний эрх хамгаалагчийг хамгаалах тогтолцооны гол тулгуур багана бол хүний эрх хамгаалагчийн эрх зөрчигдсөн эсэх тухай дүгнэлт гаргаж буй Хорооны гишүүд байдаг. Хүний эрх хамгаалах үйл ажиллагаа явуулж буй хүний эрх хамгаалагчийн эрхийг хамгаалах шинэ тогтолцоог бэхжүүлэх, батлагдсан хууль , журмыг  хэрэгжүүлэх  ажлын эхлүүлж  ажилласан Л.Баасанжав, Ч.Өнөржаргал, Ч.Ундрах, Ц.Отгонтунгалаг, Э.Сундуй нартаа чин сэтгэлээсээ талархлаа илэрхийлье. Мөн цаашид залгамж халааг нь хүлээн авсан хорооны гишүүн Б.Баяраа, Г.Халиун, Б.Энхцэцэг, Б.Пүрэвсүрэн, Д.Ганбаяр нарт хүний эрх хамгаалагчийн эрхийг тууштай хамгаалж,  тогтолцоог улам бүр бэхжүүлэх, хүн төвтэй иргэний, ардчилсан хүмүүнлэг нийгмийг байгуулахад үнэтэй хувь нэмэр оруулахыг хүсэн ерөөж” амжилт хүслээ.

Комиссын дэргэдэх Хүний эрх хамгаалагчийн хороо нь хүний эрх хамгаалагчийн эрх зөрчигдсөн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авах, гомдол, мэдээллийн талаар нотолгоо, баримт, мэдээлэл цуглуулах, хүний эрх хамгаалагчийг хамгаалах хэрэгцээ шаардлагыг тодорхойлж, эрсдэлийн үнэлгээ хийх, эрсдэлийн үнэлгээнд үндэслэн гаргасан дүгнэлтийг Комисст хүргүүлэх, Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн хэрэгжилт болон хүний эрхийн хамгаалагчийн нөхцөл байдалд хяналт шинжилгээ, судалгаа хийж, жил бүр Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлд тусгуулах, гомдол, мэдээллийн сан бүрдүүлэх үйл ажиллагааг бие даан явуулж байна.