Гомдол
НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцын ерөнхий тайлбаруудыг танилцуулах арга хэмжээ боллоо

НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцын ерөнхий тайлбаруудыг танилцуулах арга хэмжээ боллоо

2025.12.17 129
Сонсох

Хүний эрхийн Үндэсний Комисс,“Тэгш нийгэм холбоо” төрийн бус байгууллагатай хамтран “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн агуулгыг тодорхойлох нь, Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай НҮБ-ын конвенцыг хэрэгжүүлэхэд хяналт тавих үндэсний механизмыг тогтоон бэхжүүлэх нь” арга хэмжээг 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдөр зохион байгууллаа.

Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Д.Сүнжид арга хэмжээг нээж, НҮБ-аас жил бүрийн 12 дугаар сарын 03-ны өдрийг Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр болгон тэмдэглэдгийг онцлоод, тэгш оролцоо нь хүний суурь эрх болохыг тэмдэглэв. Тэрбээр Комисс байгуулагдсан цагаасаа эхлэн хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн асуудалд тогтмол анхаарал хандуулж ирсэн бөгөөд Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлүүд, судалгаа шинжилгээ, сонгуулийн үеийн мониторинг, хууль тогтоомжийн төсөлд өгсөн саналуудаар  дамжуулан бодитой ахиц гарган ажиллаж буйг дурдлаа. 

Мөн Комиссоос 2024-2025 онд 21 аймгийн хүний эрхийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, төрийн байгууллагуудын барилга байгууламж, орчин нөхцөл, үйлчилгээний хүртээмжийг сайжруулах чиглэлээр Комиссын гишүүний Зөвлөмж хүргүүлж, хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байгааг дурдав. 2025 оны сүүлийн хагас жилд 20 аймгийн төвийн 420 гаруй төрийн үйлчилгээний байгууллагын барилга байгууламжид хүртээмжийн үнэлгээ хийж, хүртээмжийг сайжруулах талаар ажиллаж байна.

Түүнчлэн арга хэмжээний нээлтийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн О.Саранчулуун, Европын Холбооны Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын Хөтөлбөрийн менежер Арно Аппрью, “Тэгш Нийгэм холбоо” ТББ-ын тэргүүн Л.Энхбуянт нар оролцож Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай НҮБ-ын конвенцыг хэрэгжүүлэх, хяналт тавих үндэсний механизмыг тогтоон бэхжүүлэхэд тулгамдаж буй асуудлын талаар саналаа илэрхийллээ.

Арга хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийг хангах үүрэг бүхий төрийн байгууллагын албан хаагчид, ХЭҮК-ын албан хаагчид, иргэний нийгмийн байгууллагууд, салбар зөвлөлийн гишүүд оролцож, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай НҮБ-ын конвенцын 5, 9, 19, 24 дүгээр зүйл болон холбогдох ерөнхий тайлбаруудын талаар илтгэл, хэлэлцүүлэг өрнүүлэв. 

Энэхүү арга хэмжээ нь Монгол Улсын хууль, олон улсын гэрээгээр баталгаажуулсан хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрх, эрх чөлөөний агуулгыг НҮБ-ын Хорооны ерөнхий тайлбарыг харгалзан тодорхойлох мэдлэгийг оролцогчдод олгох, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай НҮБ-ын конвенцын хэрэгжилтийг уялдуулан удирдах, хэрэгжилтийг хянах механизмыг тогтоон бэхжүүлэх арга замуудыг хэлэлцэх чухал ач холбогдолтой юм.