Гомдол
ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ ФОРУМ-2025 “ХАМТЫН ЭРХ - ХАРИУЦЛАГА” ЗОХИОН БАЙГУУЛЛАГДЛАА

ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ ФОРУМ-2025 “ХАМТЫН ЭРХ - ХАРИУЦЛАГА” ЗОХИОН БАЙГУУЛЛАГДЛАА

2025.12.10 67
Сонсох

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблей 1948 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Хүний эрхийн Түгээмэл Тунхаглалыг соёрхон баталснаар жил бүрийн энэ өдрийг олон улс даяар Хүний эрхийн өдөр болгон тэмдэглэдэг билээ.

Хүний эрхийн Үндэсний Комисс олон улсын хүний эрхийн өдрийг тохиолдуулан хууль, олон улсын хүний эрхийн гэрээ, конвенцоор баталгаажсан хүний эрх, эрх чөлөөг хангах, хамгаалах, дэмжих чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, түүний үр дүн, үр нөлөөг үнэлэн дүгнэж, тулгамдаж буй асуудалд анхаарал хандуулан, шийдвэрлэх арга замыг тодорхойлж, ахиц дэвшил гаргах зорилгоор 2005 оноос хойш Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Хүний эрхийн Үндэсний Форумыг зохион байгуулж ирсэн уламжлалтай. Энэ удаагийн “Хүний эрхийн Үндэсний Форум-2025” арга хэмжээ нь Хүний эрхийн Үндэсний Комисс байгуулагдсаны 25 жилийн ойг угтан зохион болж байгаагаараа онцлог юм.

Хүний эрхийг хангах үндэсний бодлогыг шинэчлэх, тогтолцоог бэхжүүлэх, төрийн байгууллага, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудын олон талын оролцоотойгоор хүний эрхийн тулгамдаж буй асуудал, шийдэл, арга замын талаар хэлэлцүүлэг өрнүүлэхэд форумын зорилго оршино.

Форум дараах 3 салбар хуралдаантайгаар зохион байгуулна:

Нэгдүгээр салбар хуралдаан: “Хүний эрх ба уур амьсгалын өөрчлөлт, ногоон хөгжил”

  • Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй хүн амын эмзэг бүлгүүд, уугуул иргэдийн эрхийн төлөв байдал
  • Хүний эрх хамгаалагч – эрх хамгаалах эрхийн соёл, төлөвшил
  • Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй хүний эрхийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх Монгол Улсын гамшгаас хамгаалах бодлого, төлөвлөлт

Комисс Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 22 дахь  илтгэлд байгаль орчны салбарт ажиллаж буй хүний эрх хамгаалагчийн эрхийн нөхцөл байдлыг тусгаж, эрхийн зөрчлийн талаар дүгнэж, шийдэх саналыг УИХ-д уламжилсан. Уур амьсгалын өөрчлөлт, байгаль цаг уурын үзэгдэл, хотжилт, хүний хүчин зүйлээс шалтгаалан сүүлийн жилүүдэд байгаль орчны хүний эрхийн асуудлаар үйл ажиллагаа явуулж байгаа хүний эрх хамгаалагчид нь байгаль орчны өөрчлөлтөөс үүдэн эрх нь зөрчигдсөн, зөрчигдөж болзошгүй иргэд, бүлгийн эрх ашгийг хамгаалах, тэдний өмнөөс дуу хоолойгоо шийдвэр гаргагчид, бусад оролцогчдод хүргэх, тэмцэх явдал эрчимжих боллоо.  Түүнчлэн байгаль орчин, уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй хүний эрх хамгаалагчид хамгийн өндөр эрсдэлтэй нөхцөлд үйл ажиллагаа явуулдаг талаар судалгааны дүгнэлт гарсан бөгөөд байгаль хамгаалагчдын 19.4 хувь нь  өнгөрсөн нэг жилийн хугацаанд ажил үүргээ гүйцэтгэж байхдаа эрх нь зөрчигдсөн гэж үзсэн бол экологийн цагдаагийн алба хаагчдын 95.6 хувь нь өөрсдийгөө хүний эрхийн зөрчилд өртөх эрсдэл өндөртэй гэдгээ илэрхийлжээ.

Хоёрдугаар салбар хуралдаан: “Хүний эрх ба хот төлөвлөлт”

  • Хотжилтоос үүдэлтэй хүний эрхийн зөрчлийн нөхцөл байдал
  • Эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх (агаарын бохирдол, дуу чимээний бохирдол)
  • Хүн төвтэй хот төлөвлөлт, аюулгүй байдал ба хамгаалалт, ухаалаг, хүртээмжтэй хот төлөвлөлт (гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гамшгийн эрсдэлийг бууруулах, үер, газар хөдлөлтөд тэсвэртэй барилга байгууламж)

Комисс эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхийг нарийвчлан зохицуулсан байгаль орчны салбарын хууль тогтоомж, эрх зүйн актын давхардал 16, зөрчил 29, хийдэл 71 байгааг тодорхойлж, агаар, хөрс болон усны бохирдол, Улаанбаатар хотын стандартын асуудал, ногоон байгууламж, уул уурхайн нөлөөллийн бүсэд амьдарч байгаа орон нутгийн иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийн хэрэгжилтийн нөхцөл байдлыг Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэлдээ тусгасан.

Монгол Улсад 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар нийт 6589 стандарт үйлчилж байгаа боловч стандартын шаардлагыг хангуулах, хяналтыг зохих ёсоор хэрэгжүүлэх, зөрчлийг тухай бүр залруулах шаардлагатай байна. Тухайлбал, 2023 оны байдлаар 305 сургуулиас 231, 241 хүүхдийн цэцэрлэгээс 131 нь гадна орчны стандартын шаардлага хангаагүй, нийслэлийн нутаг дэвсгэрт байрлаж байгаа 13 сургуулиас 200 метр дотогш зайд 16 шатахуун түгээх болон авто газ түгээх цэг байрлаж байгаа, барилгын гадна орчны, замын хөдөлгөөний болон явган хүний замын аюулгүй байдлын стандартын шаардлага хангагдаагүй, хөгжлийн бэрхшээлтэй хүнийг нийгмийн бүхий л харилцаанд бүрэн дүүрэн оролцох, ая тухтай амьдрах, нөхцөл боломжийг бүрдүүлэх, дэд бүтцийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж байгаа ч хэрэгжилт хангалтгүй талаар Комисс илтгэлдээ анхааруулсан.

Хүрээлэн буй орчны асуудлаар 180 улсыг хамруулсан 2024 оны индексийн үзүүлэлтээр Монгол Улс 143 дугаар байранд байгаа бөгөөд, агаарын, хөрсний, усны бохирдол нь үндэсний болон олон улсын стандартын үзүүлэлтээр ноцтой түвшинд байгаа тул орчны чанарыг зохистой түвшинд хүргэх, аюулгүй орчны стандартын хэрэгжилтийг хангах асуудал нэн тулгамдсан болохыг илэрхийлж байна.

Гуравдугаар салбар хуралдаан: “Хүний эрх ба бизнес”

  • Хүний эрхийн мэдрэмжтэй хариуцлагатай бизнес
  • Аж ахуй эрхлэх эрхийн хэрэгжилтэд тулгамдаж буй асуудлууд, шийдэл
  • Хүний эрхийн магадлан шинжилгээ

Комисс Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх нэг дэх илтгэлийн “Хүний эдийн засгийн эрхийн төлөв байдал” бүлэгт аж ахуй эрхлэх эрхийн төлөв байдлын талаар тусгаж, эдийн засгийн эрхийн хүрээнд хувиараа аж ахуй эрхлэх, үйлдвэрлэл үйлчилгээ явуулахад  төрийн байгууллагын зүгээс хүнд суртал, чирэгдэл ихтэй, зөвшөөрлийн тогтолцоог журамласан хууль гарсан боловч тусгай зөвшөөрлийн тоо төдийлөн буураагүй байгааг анхааруулсан. Мөн аж ахуй эрхлэхэд гааль, татвар, нийгмийн даатгалын шимтгэл, төрөөс хэрэгжүүлэх хяналт, бүртгэлийн асуудлаар чирэгдэл, дарамт, хязгаарлалт их байгаа талаар  гомдол, шүүмжлэл их гарч байгаа талаар дурдаж байсан ч нөхцөл байдал сайжраагүй хэвээр байна.

Түүнчлэн, Комиссын 20 дахь илтгэлийн “Эдийн засаг, нийгэм соёлын эрх” бүлгийн хүрээнд Ковид-19 цар тахлын үед иргэдийн аж ахуй эрхлэх эрхэд үзүүлсэн нөлөөллийн талаар холбогдох асуудлуудыг тусгаж, албан бус салбарт хөдөлмөр эрхлэгчдийн эрх зүйн байдлыг тодорхойлох; санхүүжилт шаардлагатай аж ахуйн нэгж, иргэдэд хөрөнгө оруулалт болон эргэлтийн хөрөнгийн зээлийн санхүүжилтийг ялгаварлалгүйгээр авах боломжийг бүрдүүлж, холбогдох журамд өөрчлөлт оруулах; аж ахуйн нэгж, иргэдэд зээлийг хүртээмжтэй, тэгш олгох үүднээс арилжааны банкнуудын зээл олгох нэгдсэн шалгуур үзүүлэлтийг тодорхой болгож, арилжааны банк бүр нэгдмэл байдлаар ойлгож хэрэгжүүлэхээр журамлах, хэрэгжилтэд тогтмол хяналт тавих саналыг УИХ-д хүргүүлсэн.

Улс төр, нийгэм, эдийн засгийн хурдацтай өөрчлөлтийн нөлөөгөөр сүүлийн жилүүдэд Монгол Улс төдийгүй дэлхийн бусад улс орнуудад хүний эрх зөрчигдөх, бизнесийн үйл ажиллагаанд шинэ тутам сорилт бэрхшээлүүд бий болж, цаг алдалгүй анхаарч шийдвэрлэх шаардлага тулгарсаар байна. Нөгөө талаас иргэний аж ахуй эрхлэх, амьдралд хүрэлцэхүйц орлоготой байх эрхийг хангахад төр бодлогоор дэмжих шаардлагатай юм.