Гомдол
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд хүүхдийн аюулгүй байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн талаар санал солилцох уулзалт зохион байгуулав

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд хүүхдийн аюулгүй байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн талаар санал солилцох уулзалт зохион байгуулав

2026.02.05 53
Сонсох

Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Д.Сүнжид, гишүүн Ж.Хунан нар 2026 оны 2 дугаар сарын 5-ны өдөр Улсын Их Хурлын гишүүн Л.Энхнасанг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар УИХ-ын гишүүн Л.Энхнасан хүүхэд сургууль, цэцэрлэгийн орчинд зам тээврийн осолд өртөж амь нас, эрүүл мэндээрээ хохирох тохиолдол нэмэгдэж байгаа нь тэдний аюулгүй байдал хангалтгүй байгааг илтгэж байгаа тул уг хуулийн төслийг санаачлах болсон. Хуулийн төслийг боловсруулахдаа хуульч, эрдэмтэн судлаачдын оролцоотой ажлын хэсэг байгуулж, олон улсын туршлага, ялангуяа Бүгд Найрамдах Солонгос Улсын үр дүнтэй хэрэгжүүлсэн загварыг судалсан гэдгээ дурдлаа. Тус улсын хувьд сургууль, цэцэрлэгийн орчныг “эрх зүйн тусгай бүс” болгон зохицуулж, жолоочийн хариуцлагыг өндөржүүлснээр хүүхэд зам тээврийн осолд өртөх тохиолдлыг 4 жилийн хугацаанд эрс бууруулсан байна.

ХЭҮК-ын дарга Д.Сүнжид хүүхдийн эрхийг хангах, хамгаалах чиглэлээр тусгасан Комиссын Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 17 удаагийн илтгэл, илтгэлийн мөрөөр УИХ-аар батлуулсан тогтоолуудын хэрэгжилтийн талаар мэдээлэл өгч, хүүхэд гэмт хэрэг, зөрчил, осолд өртөх шалтгаан нөхцөлийг бууруулахад эрх зүйн орчны шинэчлэл чухал болохыг тэмдэглэлээ. Мөн цахилгаан дугуй, мопед, скүүтэрийн хэрэглээнээс үүдэлтэй эрсдэлийг бууруулах, хүүхдийн аюулгүй зорчих орчныг бүрдүүлэх, хүүхдийг осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, хүүхэд хамгааллын асуудлаар төр, төрийн бус байгууллагуудтай хамтран “Хавраас хамтдаа зорчъё” нөлөөллийн аяныг хэрэгжүүлж буйг дурдав.

Цаашид талууд хүүхэд хамгаалал, хүүхдийн эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллах болно.