Гомдол
ХЭҮК, Цагдаагийн ерөнхий газартай хамтын ажиллагааны хүрээнд уулзалт зохион байгууллаа.

ХЭҮК, Цагдаагийн ерөнхий газартай хамтын ажиллагааны хүрээнд уулзалт зохион байгууллаа.

2026.01.29 84
Сонсох

Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Х.Мөнхзул, Ж.Хунан болон Тамгын газрын  хэлтсийн дарга нар Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа Б.Ганчулуун, Дэд дарга, цагдаагийн хурандаа Б.Дэлгэрсайхан, Мөрдөн шалгах албаны дарга, цагдаагийн  хурандаа П.Очбадрах нарыг 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч уулзлаа.  

Уулзалтаар Цагдаагийн ерөнхий газартай 2024 онд байгуулсан хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд хэрэгжүүлсэн үйл ажиллагаагаа дүгнэж, 2026 онд хамтран ажиллах чиглэлээ тодорхойлов.  

Энэ хүрээнд 2026 онд бэлгийн хүчирхийлэл болон гэр бүлийн хүчирхийллийн хэрэг дээр ажилладаг алба хаагчдад сургалт зохион байгуулах, хүүхдийн эрх, зорилтот бүлгийн эрх болон цахим орчинд хүний хувийн мэдээллийг хамгаалах, хэрэг бүртгэлийн статистик мэдээллийг сайжруулах чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцлоо. 

Комисс нь тус байгууллагатай цагдаагийн байгууллагын үйл ажиллагаатай холбогдсон харилцаанд оролцогчдын эрхийг хамгаалах, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, сахилга хариуцлагыг сайжруулах, цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдад хүний эрхэд суурилсан хандлагыг төлөвшүүлэх чиглэлээр хамтран ажиллаж байгаа юм.  

Хамтран ажиллах санамж бичгийн хугацаанд хүүхэдтэй холбоотой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, хүүхдийн дээд эрх ашгийг хамгаалах, хүн бүр хүүхэд хамгаалагч дуудлага, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тусламжийн хонх, жагсаал, цуглааны үеэр хүний эрхийг хангах, хууль сахиулах үйл ажиллагааны үеэр хүний эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх зэрэг олон үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлсэн.  

Мөн Комисс 2023-2025 оны хооронд 13758 цагдаагийн алба хаагчийг хүний эрхийн сургалтад хамруулж, 67 алба хаагчийг хүний эрхийн сургагч багшаар бэлтгэсэн бөгөөд цагдаагийн байгууллагын зүгээс бага насны хүүхдийн эсрэг үйлдэгдэж буй гэмт хэргийн мөрдөгчдийг нэмэгдүүлэх, ижил хүйсийн мөрдөгч мэдүүлэг авах, мэдүүлэг авах өрөөг стандартын дагуу тохижуулах зэрэг тодорхой ахиц дэвшил гарсаар байгаа юм.