Гомдол
Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх, эрх чөлөөний хэрэгжилтийн талаар Комисс мэдээлэл хийлээ

Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх, эрх чөлөөний хэрэгжилтийн талаар Комисс мэдээлэл хийлээ

2026.01.13 91
Сонсох

Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан зохион байгуулсан “Үндсэн хууль: Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг баталгаажуулах нь” хэлэлцүүлэг өнөөдөр (2026.01.13) зохион байгуулагдав.  

Хэлэлцүүлэгт Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн, доктор, дэд профессор Б.Энхболд Үндсэн хуулиар хамгаалагдсан хүний эрхийн хэрэгжилтийн нөхцөл байдлыг хөндлөө. 

Тэрбээр Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасан итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал, цуглаан хийх эрх, эрх чөлөөний хэрэгжилтийн өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлыг танилцуулж, эдгээр эрх, эрх чөлөөг бодитой хэрэгжүүлэхэд хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох шаардлага байгааг онцолсон юм. 

Тодруулбал, Шүгэл үлээгчийн эрхийг хамгаалах тухай, Хэвлэлийн эрх чөлөөний тухай, Жагсаал, цуглааны тухай зэрэг хуулийг шинэчлэн батлах нь иргэдийн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах үйл ажиллагаанд оролцох эрхийг баталгаажуулахын зэрэгцээ төрийн үйл ажиллагаанд ил тод, хариуцлагатай байдлыг төлөвшүүлэхэд чухал ач холбогдолтойг дурдлаа. 

Хэлэлцүүлэгт хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийн байгууллага, хуульч, судлаачдын төлөөлөл оролцож, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө болон Үндсэн хуулиар хамгаалагдсан хүний эрхийн хэрэгжилтийн асуудлаар санал солилцож, хэлэлцүүлэг өрнүүлэв. 

Хэлэлцүүлгийг Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл, Глоб интернэшнл ТББ, Хэвлэл, мэдээллийн зөвлөл, Монголын сайтын холбоо хамтран зохион байгууллаа.