Гомдол
ХЭҮК: Дорноговь аймгийн Цагдаагийн газрын эрүүлжүүлэх, саатуулах байр, Нэгдсэн эмнэлэг, Өргөн сумын дотуур байранд хяналт шалгалт хийлээ

ХЭҮК: Дорноговь аймгийн Цагдаагийн газрын эрүүлжүүлэх, саатуулах байр, Нэгдсэн эмнэлэг, Өргөн сумын дотуур байранд хяналт шалгалт хийлээ

2025.10.23 381
Сонсох

Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Ж.Хунангаар ахлуулсан ажлын хэсэг Дорноговь аймгийн Цагдаагийн газрын эрүүлжүүлэх, саатуулах байр, Нэгдсэн эмнэлэг, Өргөн сумын дотуур байранд хяналт шалгалт хийлээ. Хяналт шалгалтын хүрээнд тухайн байгууллагын орчин нөхцөл, үйл ажиллагаа, холбогдох баримт бичигтэй танилцаж шаардлагатай мэдээллийг цахим болон цаасан хэлбэрээр баримтжуулан авав. Хяналт шалгалтаар байгууллагуудын хуулиар хүлээсэн хүний эрхийг хүндэтгэх, хангах, хамгаалах үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгөх юм.

,

Ажлын хэсэг Дорноговь аймгийн Цагдаагийн газрын эрүүлжүүлэх, саатуулах байранд саатуулагдсан иргэдийн эрхийн хэрэгжилт, орчин нөхцөл, саатуулах байрны харуул хамгаалалт, саатуулагдсан этгээдийн ахуйн хангамж, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг шалгав.



Саатуулагдсан иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор аюулгүйн хонх байршуулж эмч, цагдаа нарт шууд дохио ирэх тоног төхөөрөмж байршуулан ашиглаж эхэлсэн нь аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх чухал алхам болж буйг Комиссын гишүүн Ж.Хунан онцоллоо.

Мөн Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлгийн барилгын засварыг олон улсын байгууллагын дэмжлэгтэйгээр хийж стандартын шаардлагад нийцсэн барилга байгууламжид эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж байна. Тус эмнэлэг нь тоног төхөөрөмжийн шинэчлэлийг тухай бүр хийж иргэдэд хурдан шуурхай эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүргэхээр ажиллаж байна. Гэвч эрүүл мэндийн даатгалын бодлого зохицуулалтаас үүдэлтэй их хэмжээний төсвийн алдагдалтай байна.


Дорноговь аймгийн Өргөн сумын дотуур байр 2006 онд 70 хүүхдийн ашиглалтад орсон. Тус дотуур байр Хүүхэд хөгжлийн өрөөг бүрэн тохижуулаагүй, амрах, чийрэгжүүлэх, эмчийн үзлэг хийх өрөөгүй, анхан шатны эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх байдал хангалтгүй байна.

Дотуур байрны 2 дугаар давхарт сургуулийн багш нарыг байрлуулсан нь гаднын хүнийг түр болон байнга байрлуулахыг хориглосон заалтыг зөрчиж байна. Хүүхдийн сурч боловсрох, хөгжих эрх, тэдний аюулгүй байдлыг хангах, хүүхдэд ээлтэй орчныг бүрдүүлэх чиглэлээр анхаарч ажиллах шаардлагатайг Хүний эрхийн Үндэсний Комисс ажлын хэсэг сануулав.