Гомдол
Хүний эрхийн Үндэсний Комиссын Ховд аймгийн Булган суманд ажиллалаа

Хүний эрхийн Үндэсний Комиссын Ховд аймгийн Булган суманд ажиллалаа

2025.09.22 54
Сонсох

Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Ховд аймгийн Булган сумд “Хүний эрхийн төлөө хамтдаа” нээлттэй өдөрлөгийг 09 дүгээр сарын 18-19-ний өдөр зохион байгууллаа.   

Өдөрлөгийн хүрээнд: 

  • Булган сумын удирдлагуудтай уулзалт зохион байгуулж орон нутгийн хүний эрхийн нөхцөл байдлын талаар мэдээлэл солилцож, хүний эрхийн хэрэгжилтийг сайжруулах чиглэлээр бодитой, үр дүнтэй арга хэмжээ авч ажиллахыг онцгойлон дурдлаа. 

  • Төрийн албан хаагчдад зориулсан “Хүний эрхэд суурилсан хандлага” сургалтад Орон нутаг хариуцсан хэлтсийн дарга Б.Ёндонжамц “Хүний эрхийн мэдрэмжтэй төрийн үйлчилгээ”, ОНХХ-ийн референт Б.Золжаргал “Хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь”, “Хүний эрх ба гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх нь”, ОНХХ-ийн референт М.Өнөрмаа “Хөдөлмөрлөх эрхийн зарим асуудал” сэдвээр мэдээлэл, илтгэл танилцуулав.  

  • Булган сумын иргэд, төрийн албан хаагчдад орон нутгийн хүний эрхийн нөхцөл байдал, Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөр-2 төслийг танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүлэн, иргэдийн санал, хүсэлтийг сонсож, тулгамдсан асуудлын талаар ярилцлаа. 

  • Мөн тус сум дахь Прокурорын газар, сум дундын Цагдаагийн хэлтсийн  албан хаагчдыг оролцуулан “Шударгаар шүүлгэх эрх” хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлгээр Комиссын гишүүн Б.Энхболд Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэлийн VI бүлэгт тусгагдсан “Шударгаар шүүлгэх эрхийн хэрэгжилт”-ийн талаарх дүгнэлт, санал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлт, үзэл баримтлалыг танилцуулж, орон нутаг дахь нөхцөл байдал, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагааны явцад хүний эрхийг зөрчихөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хэлэлцүүлэг өрнүүллээ.  

Түүнчлэн, Булган сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн үйл ажиллагаатай танилцаж, хууль сахиулах үйл ажиллагаанд хүний эрхийг хангаж, хамгаалах болон албан хаагчдын хөдөлмөрлөх эрхийг хангаж ажиллах чиглэлээр анхаарах асуудлуудыг хөндөж, сайжруулах арга хэмжээ авч ажиллахыг онцоллоо.