Гомдол
ХЭҮК-оос эрэгтэйчүүдийн жендэрийн асуудлыг хөндөж, УИХ-д танилцуулна

ХЭҮК-оос эрэгтэйчүүдийн жендэрийн асуудлыг хөндөж, УИХ-д танилцуулна

2025.09.11 46
Сонсох

Хүний эрхийн Үндэсний Комиссоос эрэгтэйчүүдийн жендэрийн асуудлыг анх хөндөж “Эрэгтэйчүүдийн жендэрийн эрх тэгш байдал” сэдэвт бодлогын судалгааны ажлыг “Орон нутгийн хөгжлийн бодлого судлалын төв”-тэй хамтран хийж байна. Энэ хүрээнд судалгаанд шаардлагатай мэдээлэл цуглуулах, санал солилцох зорилгоор өнөөдөр /2025.09.10/ холбогдох яам, агентлаг болон төрийн бусад байгууллагуудтай уулзалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Судалгааны үр дүнд эрүүл мэнд, боловсрол, нийгэм, эдийн засаг болон бусад салбарт эрэгтэйчүүдэд тулгамдсан асуудал, төрөөс хэрэгжүүлж буй бодлого оновчтой эсэх, бодлого шийдвэрийн хэрэгжилт, үр дүнд дүгнэлт хийж, цаашид бодлогын түвшинд хэрэгжүүлэх санал, зөвлөмжийн хамт УИХ-д танилцуулна.

Монгол эрчүүдийн дундаж наслалт эмэгтэйчүүдтэй харьцуулахад богино, боловсрол эзэмших хувь бага байгааг илтгэх олон статистик бий. Түүнчлэн гэмт хэрэг, зөрчилд холбогдох, хүчирхийлэл үйлдэх, осол гэмтэлд өртөх, хар тамхи мансууруулах бодис хэрэглэх, амиа хорлох тохиолдол эрэгтэйчүүдийн дунд түлхүү байна. Үүний суурь шалтгаан, нөлөөлж буй хүчин зүйлийг тодорхойлсон бодлого, судалгаа, шинжилгээний ажлууд байгаа эсэх, бодлогын түвшинд тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх арга замыг тодорхойлох зорилгоор уг судалгааг гүйцэтгэж байгаа юм.

ХЭҮК-ын гишүүн Х.Мөнхзул хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ “Аль ч хүйсийн хүн нийгмийн амьдралд тэгш оролцож, нийгмийн баялгийг тэгш хүртсэнээр аливаа ялгаван гадуурхалтаас ангид байх боломж бүрддэг. Сүүлийн жилүүдэд эмэгтэйчүүдийн асуудалд илүүтэй анхаарал хандуулж ирсэн. Гэтэл одоо эрчүүдийн эрүүл мэнд, боловсрол, амиа хорлолт зэрэг эрчүүдэд тулгамдсан асуудалд анхаарал хандуулах шаардлага чухлаар тавигдах боллоо. Тиймээс салбар бүрийн мэргэжилтэн, шинжээч, албан хаагчидтай санал солилцох зорилгоор Та бүхнийг урьж оролцуулж байна” хэмээн онцоллоо. Мөн Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль 2011 онд батлагдснаас хойш ХЭҮК тус хуулийн хэрэгжилт, жендэрийн тэгш байдлыг хангахад тулгамдаж буй асуудал, цаашид засаж залруулах арга, гарц гаргалгааны талаар УИХ-д 9 удаа танилцуулж, зохих шийдвэр гаргуулж ажилласан талаар танилцуулав.

Судалгааны багийн ахлагч А.Амарбал судалгааны ажлын хүрээнд хийсэн статистик шинжилгээний зарим үр дүнгээс танилцуулахад уул уурхай эрхэлдэггүй Архангай, Хөвсгөл, Дундговь, Говь-Алтай аймагт эрчүүдийн цалин эмэгтэйчүүдийнхээс бага. Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдахдаа эрчүүд хойрго ханддаг, Монгол Улсад дундаж наслалтын зөрүү 9 орчим гэх боловч Өмнөговь, Орхон аймагт эрчүүдийн дундаж наслалт эмэгтэйчүүдээс 12-оор доогуур байгаа зэрэг анхаарал татсан асуудлууд байгааг онцоллоо.