Гомдол
"Эрдэнэт цогцолбор" дээд сургуулийн оюутан залууст "Хүний эрх ба Үндсэн Хууль" сэдэвт сургалт зохион байгууллаа

"Эрдэнэт цогцолбор" дээд сургуулийн оюутан залууст "Хүний эрх ба Үндсэн Хууль" сэдэвт сургалт зохион байгууллаа

2025.08.30 232
Сонсох

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос их, дээд болон ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын сурагчдад 2025-2026 оны хичээлийн жилийн эхний өдөр Хүний эрхийн Түгээмэл Тунхаглалын агуулгыг тайлбарлан таниулсан хичээл заахыг бүх шатны боловсролын сургалтын байгууллагад уриалсан.

Энэ хүрээнд ХЭҮК-ын дарга Д.Сүнжид Орхон аймгийн “Эрдэнэт цогцолбор” дээд сургуульд зочилж, 170 гаруй оюутанд “Хүний эрх ба Үндсэн хууль” сэдвээр сургалт орлоо.

Сургалтын үеэр ХЭҮК-ын дарга Д.Сүнжид:

“Монгол Улсын иргэний хувьд бидний хамгийн том бахархал бол өв соёл, түүх, үнэт уламжлалын зэрэгцээ эрх, эрх чөлөө юм. Хүний эрхийн гол зарчим нь хуулийн өмнө хүн бүр эрх тэгш бөгөөд ялгаварлан гадуурхалтын аливаа хэлбэрийг үл зөвшөөрнө. Хүний эрхийн түгээмэл тунхаглалд заасанчлан төр нь иргэдийнхээ эрхийг хангах, хүндэтгэх, хамгаалах үүрэгтэй. Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуульд иргэн бүр хуулийн өмнө тэгш эрхтэй, ялгаварлан гадуурхахыг хориглосон нь нийгмийн шударга ёсны үндэс суурь юм” гэдгийг онцолж Үндсэн хуулиар баталгаажуулсан эрх, эрх чөлөөг бодитой амьдрал дээрх тохиолдол дээр тайлбарлалаа.