Гомдол
“ХҮҮХЭД БҮР ЯЛАГЧ – ХҮҮХЭД БҮР ХАМГААЛАГЧ” МАРАФОНЫГ ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛСАН БАЙГУУЛЛАГУУДАД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ

“ХҮҮХЭД БҮР ЯЛАГЧ – ХҮҮХЭД БҮР ХАМГААЛАГЧ” МАРАФОНЫГ ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛСАН БАЙГУУЛЛАГУУДАД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ

2025.07.09 85
Сонсох

Хүний эрхийн Үндэсний Комиссоос “Хүүхэд бүр ялагч – Хүүхэд бүр хамгаалагч” хүүхдийн марафоныг 6 насны ангилалд 6-17 насны хүүхдүүдийг хамруулан хоёр дахь жилдээ зохион байгууллаа. Энэ удаагийн марафон нь нийслэл хотод 4300, орон нутагт 12 аймгийн 8761 нийт 13000 гаруй хүүхэд оролцсон өргөн цар хүрээтэй болж өндөрлөсөн.

Хүүхдийн эрхийн төлөөх тус үйл ажиллагааг Улаанбаатар хотын хэмжээнд зохион байгуулахад хамтран ажилласан Цагдаагийн ерөнхий газар, Нийслэлийн Онцгой байдлын газар, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Түргэн тусламжийн төв, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Олон улсын хүүхдийн Найрамдал цогцолбор, Монголын Хуульчдын холбоо, “Эерэг ирээдүй-өнөөдөр” ТББ, “Үжин” төв, “Гүүд Нэйборс” ОУТББ, "Дэлхийн зөн", “Наран трэйд” ХХК, “МСЭЛ” ХХК, "Миг даатгал", "Монгол даатгал", "Монголын морин спорт, уяачдын холбоо", "Child.mn" зэрэг төр, хувийн хэвшил, үндэсний болон олон улсын төрийн бус байгууллагуудад ХЭҮК-оос өнөөдөр /2025.07.09/ талархал гардууллаа.

ХЭҮК-ын дарга Д.Сүнжид талархал гардуулах үеэр хэлсэн үгэндээ “Хүний эрхийн байгууллагын хувьд бид зөрчлийн араас явах бус, илүүтэй эерэг нөлөөлөл бий болгоход анхаарч байна. Энэ хүрээнд хамтран ажиллаж, идэвхтэй оролцсонд талархал илэрхийлж байна. Цаашид ч хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлд хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

Мөн ХЭҮК-ын гишүүн Ж.Хунан хэлэхдээ “Ирэх жил марафоныг илүү сайн зохион байгуулалттай, үр дүнтэй болгохын тулд бүх тал хамтран ажиллах хэрэгтэй. Байгууллагууд хүүхэд хамгааллын бодлогоо баталж, хэрэгжүүлэхэд анхаарч, цалингийн сангийн 1 хувьтай тэнцэх хэмжээний мөнгийгхүүхэд хамгааллын зардалд зориулах эрх зүйн зохицуулалтыг хэрэгжүүлэхийг уриалж байна. Мөн “Хүн бүр хүүхэд хамгаалагч” дуудлагад нэгдэн, ХЭҮК, ЦЕГ-тай хамтран ажиллахыг уриалж байна” хэмээн онцолсон юм.

Ташрамд дурдахад, “Хүүхэд бүр ялагч – Хүүхэд бүр хамгаалагч” хүүхдийн марафон нь хүүхдийн эрхийг дэмжих, үе тэнгийн дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх, ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрөх хандлагыг төлөвшүүлэх зорилготой бөгөөд марафоны үеэр урлагийн арга хэмжээ, хүслийн хайрцаг, АХА тэмцээн, үзэл бодлоо илэрхийлэх чөлөөт индэр, үлгэр, киноны баатруудтай зураг даруулах, нүүр будалтын булан зэрэг олон талт арга хэмжээг зохион байгуулсан.