Гомдол
Хүний эрх хамгаалагчийн эрхийн хэрэгжилтэд мониторинг хийх төсөл эхэллээ

Хүний эрх хамгаалагчийн эрхийн хэрэгжилтэд мониторинг хийх төсөл эхэллээ

2025.05.21 98
Сонсох

Хүний эрхийн Үндэсний Комисс, Ази, Номхон далайн бүсийн хүний эрхийн форум, Данийн Хүний эрхийн хүрээлэнтэй хамтран хүний эрх хамгаалагч нар эрх хамгаалах эрхээ хэрэгжүүлэхэд нь тулгамдаж буй асуудлыг тодруулах, нөхцөл байдалд нь дүн шинжилгээ, мониторинг хийх төслийг 2025 оны 04 дүгээр сараас 2025 оны 09 дүгээр сар хүртэл хэрэгжүүлж байна.

Энэ хүрээнд төслийг Мониторингийн баг бүрэлдэхүүн болох Хүний эрхийн Үндэсний Комисс, Комиссын дэргэдэх орон тооны бус Хүний эрх хамгаалагчийн хороо, Цагдаагийн ерөнхий газар, иргэний нийгмийн байгууллагын төлөөллийг чадавхжуулах ажлыг өнөөдрөөс /2025.05.21/ эхлүүлж байна.

Оролцогчид Данийн Хүний эрхийн хүрээлэнгээс боловсруулсан мониторинг хийх аргачлал, арга зүйд суралцах бөгөөд тус хичээлийн агуулгыг Ази, Номхон далайн бүсийн хүний эрхийн форумын Хүний эрхийн хөгжил, чадавх бэхжүүлэх асуудал хариуцсан менежер Фасоха Айшат, Данийн Хүний эрхийн Хүрээлэнгийн мэргэжилтэн София Хансен нар удирдан явуулав.

Төсөл хэрэгжих хугацаанд мониторинг хийх багийг бүрдүүлж, үндэсний хэмжээнд ажиллах бөгөөд мониторингийн үр дүн, санал, дүгнэлтийг Хүний эрхийн Үндэсний Комиссоос Улсын Их хуралд өргөн барих 2026 оны “Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 25 дахь илтгэл”-д тусгахаар төлөвлөж байна.