Төрийн алба орон нутгийн иргэдийн хэрэгцээнд нийцсэн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх, иргэдийн оролцоо, төрийн үйл ажиллагааны чанарыг нэмэгдүүлэх зорилго бүхий “МЕРИТ” төслийг Канад Улсын санхүүжилтээр Монгол Улсад 2025 оноос 2030 он хүртэл хэрэгжүүлж эхэллээ.
Тус төсөл нь төрийн албаны шинэчлэл, хүний эрх, жендерийн мэдрэмж зэрэг олон тулгуур асуудлыг хамарсан цогц хөтөлбөр бөгөөд Хүний эрхийн Үндэсний Комисс, Төрийн албаны зөвлөл, Жендерийн үндэсний хороо болон аймаг, орон нутгийн захиргааны байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.
Энэ хүрээнд Хүний эрхийн Үндэсний Комисс, төсөл хэрэгжүүлэгч “Каталист Плас” байгууллагууд Монгол Улсад хүний эрхийг дээдэлсэн, хүртээмжтэй, ёс зүйтэй төрийн албыг төлөвшүүлэх, ХЭҮК болон төрийн албан хаагчдын чадавхыг бэхжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлэх зорилго бүхий Санамж бичиг өнөөдөр /2025.05.15/ байгууллаа.

Санамж бичиг байгуулах арга хэмжээнд ХЭҮК-ын дарга Д.Сүнжид, Тамгын газрын дарга Ц.Адъяахишиг, “Каталист Плас” байгууллагын Гадаад харилцаа эрхэлсэн захирал Женнифер Адамс, “Мерит” төслийн менежер З.Сэргэлэн, Г.Туул нар оролцлоо.
Комиссын дарга Д.Сүнжид төрийн албаны ил тод, нээлттэй, хүртээмжтэй, хариуцлагатай, үр ашигтай, тогтвортой байдалд төрийн албан хаагчдын мэргэшил ур чадвар, хариуцлага, ёс зүй, шударга ёс, хууль ёсыг сахин биелүүлэх байдал, бүтээлч хандлага, идэвх санаачилга нэн чухал гэдгийг онцолж, хүний эрхийн сургалтад иргэн болон төрийн албан хаагчдыг үе шаттай, тогтвортой хамруулснаар хүний эрхийн мэдлэг, ойлголт нэмэгдэж улмаар хүний эрхийн соёл, хандлага төлөвшдөг. Энэ ч утгаараа хүний эрхийн боловсролыг төрийн албан хаагчдад олгох нь туйлын чухал бөгөөд иргэн төвтэй төрийн албыг чадавхжуулж, төрийн үйл ажиллагаанд иргэд итгэх итгэлийг нэмэгдүүлэхэд хамтран ажиллахаар болсон “МЕРИТ” төслийн хамт олонд талархал илэрхийлэв.

Канад Улсын “Каталист Плас” байгууллагын Гадаад харилцаа эрхэлсэн захирал Женнифер Адамс хүний эрх, жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийг төрийн албан хаагч хэрхэн ойлгож, хэрэгжүүлж байгаагаас иргэн төвтэй төрийн үйлчилгээ иргэдэд хүртээмжтэй, чанартай хүрч байгаа эсэх нь харагддаг. Төрд итгэх иргэдийн итгэл буурч байгаа энэ цаг үед төрийн албан хаагчдын ёс зүй, хариуцлагыг дээшлүүлэхийн сацуу тэднийг чадавхжуулж, хуулийг нэг мөр ойлгож хэрэгжүүлэх мэдлэг, ойлголт олгох нь чухал байна. Түүнчлэн төрийн албаны чиг үүргийг иргэдэд ойлгуулж, энэ талын мэдлэг олгох нь иргэдийн оролцоотой төрийн үйл ажиллагааны чанарыг нэмэгдүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулна гэдэгт илтгэлтэй байгаагаа илэрхийлж, хамтран ажиллах болсонд талархал илэрхийллээ.
