Гомдол
ХЭҮК-ын дарга Д.Сүнжидээр ахлуулсан ажлын хэсэг Бор-Өндөр суманд ажиллалаа

ХЭҮК-ын дарга Д.Сүнжидээр ахлуулсан ажлын хэсэг Бор-Өндөр суманд ажиллалаа

2025.04.25 126
Сонсох

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс 2001 онд байгуулагдсан цагаасаа эхлэн “Хүний эрхийн төлөө хамтдаа” нээлттэй өдрийг 21 аймаг, зарим алслагдсан сумдад зохион байгуулж ирсэн уламжлалтай.

Энэ хүрээнд Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд 2025 оны 04 дүгээр сарын 23-25-ны өдрүүдэд ХЭҮК ажиллаж байна.

“Хүний эрхийн төлөө хамтдаа” нээлттэй өдрөөр хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгуулага болон иргэдийн санал хүсэлтийг сонсож, хууль зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгөх, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад зориулсан хүний эрхийн талаарх кино хэлэлцүүлэг болон төрийн захиргааны болон сум дундын шүүх, прокурор, цагдаагийн байгууллага, төрийн үйлчилгээний байгууллагын албан хаагчдын хүний эрхийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, сургалтыг зохион байгуулахын сацуу төрийн болон хувийн хэвшлийн зарим байгууллагын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийхээр төлөвлөсөн.

Энэ дагуу ХЭҮК-ын дарга Д.Сүнжидээр ахлуулсан ажлын хэсэг Бор-Өндөр сумын Засаг дарга Г.Адъяабилэгт, Хэнтий аймгийн Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Ч.Баярцолмон, мэргэжилтэн Д.Мягмарбаатар болон холбогдох албаны төлөөлөлтэй орон нутаг дахь хүний эрхийн төлөв байдал, тулгамдаж буй асуудал, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох чиглэлд хүний эрхийг хамгаалах тогтолцоог үр дүнтэй ажиллуулах асуудлаар санал солилцлоо.

Уулзалтын эхэнд Комиссын дарга Д.Сүнжид тус сум дахь албан томилолтын хүрээнд “Хүний эрхийн төлөө хамтдаа” нээлттэй өдрөөр хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх товч мэдээлэл өгч, аливаа шийдвэр гаргахдаа хүний эрхийн мэдрэмжтэй хандах, хөдөлмөрийн аюулгүй байдал болон жендэрийн эрх тэгш байдал, хүний эрхийг хангах, хамгаалахад тулгамдаж буй асуудлын талаар тодрууллаа.

Түүнчлэн сум, орон нутгийн хувьд хүүхдийн эрхийн Хууль зүйн хороог идэвхтэй ажиллуулах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр үр дүнтэй ажиллах шаардлага нийтлэг ажиглагддаг гэдгийг онцлов.

Сумын Засаг дарга Г.Адъяабилэгт сумын иргэдийн хүний эрхийн хэрэгжилтэд туламдаж буй асуудлын талаар дараах мэдээллийг өгсөн.

Тухайлбал, төрийн албан хаагчийн хүний нөөцийн дутмаг байдал, тэр дундаа нарийн мэргэжлийн эмч, багш, уурхайн албан хаагч, төрийн үйлчилгээний албан хаагч дутагдалтай байгааг дурдаж, төрийн албан хаагчийн нэр хүндэд үндэслэлгүйгээр халдах, сумын иргэд цахим луйварт өртөх, үүнээс улбаалан санхүүгийн хүндрэлд өртөх тохиолдол нэмэгдэж байна.

Мөн эрүүлжүүлэн саатуулах байр байдаггүй нь гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэхэд хүндрэл учруулдаг гэлээ.

Ташрамд дурдахад, Хэнтий аймгийн Бор-Өндөр сум нь 2012 онд сумын статустай болсон, нийт 6 баг бүхий Монгол Улсын хамгийн отгон сум юм. Албан тоогоор тус сумд 9600 орчим хүн бүртгэлтэй байдаг бол албан бус тоогоор 13-14 мянган хүн амьдардаг байна.