Гомдол
Г.Нарантуяа: Хиймэл оюуны хэрэглээ өсөж байгаа нь хүний халдашгүй, чөлөөтэй байх, хувийн нууцаа хамгаалуулах эрх зөрчигдөх эрсдэлийг нэмэгдүүлж байна

Г.Нарантуяа: Хиймэл оюуны хэрэглээ өсөж байгаа нь хүний халдашгүй, чөлөөтэй байх, хувийн нууцаа хамгаалуулах эрх зөрчигдөх эрсдэлийг нэмэгдүүлж байна

2025.04.24 302
Сонсох

Хүний эрхийн Үндэсний Комиссоос Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэлийг УИХ-д хүргүүлсэнтэй холбогдуулан  Комиссын гишүүн Г.Нарантуяа, Судалгаа, дүн шинжилгээний хэлтсийн дарга С.Тунгалагтамир, Мэдээллийн аюулгүй байдал хариуцсан шинжээч Ө.Энхтөр нар “Хүний эрх ба Технологи” сэдвийн хүрээнд өнөөдөр /2025.04.24/ мэдээлэл хийлээ.Цахим технологи хүний өдөр тутмын амьдралд хамаатай болж, хүний хувийн мэдээлэл ихээхэн цугларах, боловсруулах, ашиглагдаж байгаа энэ цаг үеийн шаардлагаар Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийх, хүний эрхийн эрсдэлийг тооцох, шаардлагатай хамгаалалтын арга хэмжээний талаар санал, дүгнэлт гаргах зорилгоор 2023-2025 онуудад явуулж буй “Хүний эрх ба технологи” олон нийтийн хяналт шалгалтыг ХЭҮК явуулж байгаа бөгөөд уг хяналт шалгалтын  урьдчилсан дүн, холбогдох судалгаа, мониторингийн  ажил, мэдээллийн эздээс гаргаж байгаа гомдол мэдээллийн мөрөөр хийсэн хяналт шалгалтад  суурилан 24 дэх илтгэлийн “Хүний эрх ба Технологи” бүлгийг боловсруулсан.

Мэдээллийн эхэнд Комиссын гишүүн Г.Нарантуяа цахим орчинд хүний эрхийг хамгаалахын хэрэгцээ, шаардлага, ач холбогдлын талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр Монгол Улс нь 2010 оноос эхлэн энэ чиглэлийн хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгоход идэвх санаачилга гаргаж ажиллаж ирсэн. Гэвч технологийн хөгжлийг дагаж хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүний эрхийг хамгаалах, гарсан зөрчлийг таслан зогсоож, арилгах бодлогын эрх зүйн орчин хангалттай бүрэлдээгүй байна.

Тухайлбал, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх зорилгоор хяналтын камерыг хэрэглээнд түлхүү нэвтрүүлж байгаа нь сайшаалтай хэдий ч хүний хувийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, хадгалах, дамжуулж байгаа үйл ажиллагаанд нарийн зохицуулалт шаардлагатай байна.

Өөрөөр хэлбэл, 2024 оны 10 дугаар сарын байдлаар Монгол Улсын хэмжээнд нийт 122,150 хяналтын камер суурилуулсны 11,241-ийг нь улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр, үлдсэн хэсгийг нь хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар суурилуулсан байна. Улс, орон нутгийн төсвийн хөрөнгөөр суурилуулсан камераас 4,509 нь эвдрэлтэй, 1,635 нь ашиглалтаас хасах шаардлагатай болжээ. Нийслэлийн хэмжээнд суурилуулсан 5,033 камераас 2,489 нь ажиллагаагүй байгаа бол 953 нь техникийн хувьд ашиглалтын шаардлага хангахгүй болсон. Харин орон нутгийн буюу аймгийн түвшинд 6,208 камераас 2,020 нь эвдэрч, 682 нь ашиглалтын хугацаа дууссан байна.

Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журам, олон нийтийн аюулгүй байдлыг хангах бодлогын хүрээнд теле хяналтын камерын системийг нэвтрүүлж, өргөнөөр ашиглаж байгаа хэдий ч эрх зүйн зохицуулалтын нэг мөр бус байдлаас шалтгаалан теле хяналтын камерын системийн тогтвортой, найдвартай ажиллагааг хангах зохион байгуулалт, санхүүжилтийн тогтолцоо дутмаг байна. Түүнчлэн, теле хяналтын камерын техник хэрэгсэл, программ хангамж, холбогдох сервер, хяналтын дэлгэц, тоног төхөөрөмжийн хэвийн найдвартай ажиллагааг хариуцах байгууллага, чиг үүрэг тодорхойгүй байгаа нь хүний эрхийг зөрчих, гэмт хэрэг илрүүлэх, урьдчилан сэргийлэх боломжийг бууруулж байна.

Түүнчлэн хууль сахиулах үйл ажиллагаанд цахим технологи өргөн хүрээнд нэвтэрч байгаагийн нэг жишээ бол зорчих эрхийг хязгаарлах ялыг хэрэгжүүлэх үндсэн хэрэгсэл болох цахим гав юм. 2017 оноос хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн Эрүүгийн хуульд ялын сонголттой байх зарчмыг тусгаж, “зорчих эрхийг хязгаарлах” гэх шинэ төрлийн ялыг 206 төрлийн гэмт хэрэгт оногдуулахаар хуульчилсан. Шүүхээс зорчих эрхийг хязгаарлах ялыг гэмт хэрэг үйлдсэн этгээдэд шууд оногдуулах, хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих хэлбэрээр оногдуулж байна. Тухайлбал, УИХ-аас 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулиар хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольжээ. ШШГЕГ-аас 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд зорчих эрх хязгаарлах ял шийтгүүлсэн 6136 ялтанд хяналт тавин ажиллажээ.

Тиймээс цахим гавын хэрэглээтэй холбоотойгоор хүний эрхийг хангах хүрээнд дараах асуудалд анхаарах шаардлагатай гэж үзэж байна. Үүнд:

  1. Үүрэн телефоны нэг л компанитай гэрээлэн нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд зорчих эрх хязгаарлах ялын хэрэгжилтэд хяналт тавьж байгаа нь тухайн оператор компанийн сүлжээ байхгүй газар оронд уг ялыг хэрэгжүүлэх боломжгүй, хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх зарчмын зөрчиж болзошгүй байдалд хүргэж байна.
  2. Цахим гавын “цэнэгээ барих чадвар” сул байгаагаас зайлшгүй богино хугацааны дотор цэнэглэх шаардлага гардгаас ялтанд хүндрэл учирдаг байна.
  3. Цахим гавын ялтны гарын бугуй, хөлийн шилбэ, шагай орчимд салгахгүйгээр зүүдгээс болж ажил хөдөлмөр эрхлэх, усанд орох, хүйтний улиралд түрүүтэй гутал өмсөхөд хүндрэл учирдаг байна.
  4. Зорчих эрх хязгаарлах ял эдэлж байгаа ялтны бүх хөдөлгөөн, байршлын талаарх мэдээллийг байнга цуглуулж байгаатай холбоотойгоор түүний амьдралын хэв маяг, түүхийг мэдэх, баримтжуулах, эмзэг мэдээлэл, нууцыг олж авах, хууль бусаар мөрдөн мөшгөх боломжтой.
  5. Зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлсэн ялтан холбогдох зардлыг өөрөө хариуцах эрх зүйн зохицуулалттай тул хэт өндөр төлбөр нь ялтанд эдийн засгийн болон сэтгэлзүйн дарамт, ачаалал болж болзошгүй. Харин Монгол Улсад ялын зардал, төлбөртэй холбоотой асуудал харьцангуй зохистой шийдвэрлэгджээ.

Хиймэл оюуны хэрэглээ өсөн нэмэгдэж байгаа нь хүний халдашгүй, чөлөөтэй байх, хувийн нууцаа хамгаалуулах эрхийг зөрчих эрсдэлийг үүсгэх нэг шалтгаан болж байна. Хиймэл оюун нь их хэмжээний өгөгдөлд тулгуурлан ажилладаг учраас хувь хүний мэдээллийг цуглуулах, боловсруулах, дамжуулах үйл явц улам хурдсаж байгаа энэ цаг үед уг харилцааг зохицуулсан эрх зүйн зохицуулалт дэлхий нийтэд хангалтгүй байгаа юм. Ер нь ч технологийн хэт хурдан хөгжлийг тухайн цаг үед нь хуульчлан зохицуулах боломж байхгүй гэдгийг нийтээрээ хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд гагцхүү хэрхэн хүний эрхийг шударгаар хангах вэ гэдэг асуудал дээр дэлхий даяар төвлөрөх нь зүйтэй гэдэг дээр санал нэг байна гэдэг мэдээллийг өглөө.

Үргэлжлүүлэн  Судалгаа, дүн шинжилгээний хэлтсийн дарга С.Тунгалагтамир “Хүний эрх ба Технологи” бүлгийн хүрээнд холбогдох шийдвэр гаргуулахаар дараах 8 саналыг УИХ-д хүргүүлснийг танилцууллаа. Үүнд,

  1. Цахим технологийн хүний эрхийн нөлөөллийг тооцох аргачлалыг цахим хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батлах, уг аргачлалаар нэн тэргүүнд төрийн үйлчилгээ, үйл ажиллагаанд нэвтрүүлж буй аливаа технологи, систем, платформ, алгоритмыг үнэлэх зохицуулалтыг ХХМХтХ-д тусгах; 
  2. ХХМХтХ-иар тогтоосон мэдээллийн эзний эрх, мэдээлэл хариуцагч болон мэдээлэл боловсруулагчийн үүргийн зөрчлийг Зөрчлийн тухай болон Эрүүгийн хуульд бүрэн тусгаж, гэм буруутай этгээдэд хүлээлгэх хариуцлагыг нэмэгдүүлэх; 
  3. Улам бүр нэмэгдэх үүрэг, хариуцлагыг нь тооцоолж, дэлхий нийтийн түгээмэл чиг хандлагын дагуу ХХМХтХ-ийн хэрэгжилтийг хангах мэдээлэл хамгаалах эрх бүхий, бие даасан байгууллагыг Засгийн газрын бүтцэд байгуулж, бэхжүүлэх талаар үе шаттай хэрэгжүүлэх бодлогыг тогтоох; 
  4. Хүнийг тагнах, мөрдөн мөшгөх боломжтой бүх төрлийн цахим төхөөрөмж, нийтийн болон хувийн орон зайд байрших дууны, дүрсний дуу-дүрсний бичлэгийн систем, хүний биометрик мэдээллийг хамгаалах эрх зүйн зохицуулалтыг сайжруулж, халдашгүй, чөлөөтэй байх эрх чөлөөг хамгаалах; 
  5. Хиймэл оюуны хөгжүүлэлт, ашиглалт хүн төвтэй, ялгаварлан гадуурхалтаас ангид, мэдээлэл, өгөгдлийн боловсруулалт ил тод, хариуцлагатай байх зарчмуудыг энэхүү илтгэлд тайлбарласан агуулгаар “Үндэсний хиймэл оюуны стратеги”-д тусгах, улмаар Монгол Улсад хөгжүүлэх, ашиглахыг хориглох хиймэл оюуны төрөл, зорилгыг тогтоосон, “Хиймэл оюуны хөгжүүлэлт, ашиглалтад хүний эрхийг хангах удирдамж” батлах; 
  6. Нэг талаас үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг дэмжих, нөгөө талаас худал мэдээлэл, хүчирхийлэл, үзэн ядалтыг дэвэргэх илэрхийлэл, гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй хоруу контентыг хязгаарлах зохист тэнцвэрийг хангасан байдлаар олон нийтийн сүлжээг зохицуулах бодлогыг тодорхойлох;
  7. Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, орлого багатай болон хөдөөгийн өрх, Монгол хэлээр харилцах боломжгүй хүмүүсийн цахим технологийн хүртээмжийг дэмжих, тэдний онцлог хэрэгцээнд нийцсэн практик ур чадвар олгох сургалтын хөтөлбөр, хэрэглэгдэхүүн боловсруулах, үр дүнтэй сургах, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн шинжлэх ухааны дэвшлийн үр шимийг хүртэх эрхийг хангах асуудлыг тусгасан цахим хуваагдлыг сөрөх бодлогыг баталж, хэрэгжүүлэх; 
  8. “КОВИД-19” цар тахлын үед цугларсан хувийн мэдээллийн сан, түүний ашиглалтыг Засгийн газрын дотоод хяналтын хүрээнд хянаж, үр дүнг УИХ-д танилцуулах. 

Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэлийг бүрэн эхээр нь ЭНД ДАРЖ уншина уу.

Хэвлэлийн хурлыг бүрэн эхээр нь ЭНД ДАРЖ үзнэ үү.